АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд түүхэндээ анх удаа гурван талт уулзалт хийв.

Гурван улсын төрийн тэргүүний уулзалт ойролцоогоор нэг цаг 30 минут үргэлжилсэн байна. Үүнээс өмнө Путин, Ши Жиньпин, Трамп нар тус тусдаа хоёр талын уулзалт хийжээ. Тухайлбал, Путин, Ши Жиньпин; Трамп, Путин; мөн Трамп, Ши Жиньпин нар уулзсан байна.

Гурван талт уулзалтын эхэнд удирдагчид байр сууриа илэрхийлжээ. Дональд Трамп тэднийг “үндсэндээ түүх бүтээж байна” хэмээн мэдэгдсэн бол Ши Жиньпин дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах шаардлагатайг онцолсон байна.

Харин Владимир Путин Вашингтон, Москва, Бээжин гурван улс бүс нутгийн мөргөлдөөн, тэр дундаа Украины дайныг зохицуулах асуудлаар олон ижил ашиг сонирхолтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын дараа удирдагчид хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийлгүйгээр салцгаасан байна. Ши Жиньпин хэлэлцээг “эерэг, бүтээлч” болсон гэж дүгнэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтын уур амьсгалыг “сайн” байсан хэмээн тодорхойлжээ.

Ши, Путин, Трамп нарын хамтарсан тунхаглал

Гурван талт уулзалтын үр дүнд АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид “Энх тайвны тухай тунхаглал” гаргасан байна. Харин уг баримт бичигт Украины дайнтай холбоотой асуудлыг огт дурдаагүй аж.

Тунхаглалд тусгасан гол асуудлууд:

  • НҮБ-ын шинэчлэл: Гурван улсын удирдагч НҮБ-ыг шинэчлэх шаардлагатайг дэмжиж, ингэснээр тус байгууллага дэлхий нийтийн сорилтод илүү үр дүнтэй хариу үзүүлж, үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзжээ.
  • Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл: Гурван улс газрын тос боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үүнийг бүх улс орны сайн сайхны төлөө чиглүүлэхээр тохиролцсон байна.
  • Олон улсын эрүүгийн шүүхийн асуудал: Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй адил байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүй гэж үзжээ. Мөн улс орнуудын зөвшөөрлийн зарчим, албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэх нь чухал болохыг онцолсон байна.
  • Цөмийн эрсдэлийг бууруулах: Вашингтон, Москва, Бээжин цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцжээ.

Путины хэвлэлийн бага хурлын гол агуулга

Трамп, Ши Жиньпин нартай уулзсаныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлын үеэр Украины асуудалд ихээхэн анхаарал хандуулсан байна.

Путин "Украины дайныг зогсоохын тулд Киев өмнө нь санал болгосон, Анкорижийн уулзалтаас ч өмнө яригдаж байсан тодорхой буултуудыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай" гэж мэдэгджээ. Гэвч тэрбээр Украины тал болон Европын орнууд одоогоор эдгээр саналыг зөвшөөрөхгүй байгаа талаар хэлсэн байна.

Мөн Крымийн гүүрэнд халдсан тохиолдолд ОХУ “хүнд цохилт”-оор хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. Түүний хэлснээр, халдлагын улмаас гүүрний автомашины хэсгийн нуман байгууламж эвдэрсэн байна.

Путины мэдэгдсэнээр, АНУ Украины асуудлаарх хэлэлцээнд Европын орнуудыг оролцуулахыг ОХУ-аас “тууштай” хүсэж байгаа аж. Гэхдээ тэрбээр "Москва Европын орнууд хэлэлцээнд ямар байр суурьтай оролцохыг эхлээд ойлгох шаардлагатай" гэж онцолжээ.

Түүнчлэн Путин Украины аюулгүй байдлыг Европын аюулгүй байдлын тогтолцоонд багтаах ёстойг хүлээн зөвшөөрсөн байна. Оросын удирдагч "Европын аюулгүй байдлын асуудлыг Европ өөрөө оролцохгүйгээр хэлэлцэх нь “хачирхалтай” гэж мэдэгджээ.

Гэхдээ Европын зарим орны “улс төрийн элитүүд солигдохгүйгээр” ОХУ болон Европын харилцааг бүрэн сэргээх боломжгүй гэж үзэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

Путин Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжилж, тус байгууллага эрх мэдлийнхээ хүрээнээс хальж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргадаг хэмээн мэдэгджээ.

Тодруулбал, Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сард Украины хүүхдүүдийг ОХУ руу хууль бусаар албадан шилжүүлсэн хэрэг зэрэг дайны гэмт хэрэгт холбогдуулан Путиныг баривчлах захирамж гаргасан билээ.

Эх сурвалж: DW