НҮБ-ын Олон улсын шүүх (ICJ) 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид (аймаглан устгах гэмт хэрэг) үйлдсэн буруутайд тооцож, хохирогчдод учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авахыг тус улсын эрх баригчдад үүрэг болгожээ.

Энэ нь НҮБ-ын Олон улсын шүүхээс нэг улсыг геноцид үйлдсэн гэж албан ёсоор буруутайд тооцсон анхны тохиолдол болсон байна.

Нидерландын Гааг хотноо Гамби улсын гаргасан нэхэмжлэлийн талаарх шийдвэрийг танилцуулах үеэр шүүхийн дарга Юүжи Ивасава "Мьянмар улс Ракхайн мужийн хойд хэсэгт оршин суудаг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдэж, 'Геноцид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц'-оор хүлээсэн үүргээ зөрчсөн" гэж мэдэгджээ.

Шүүхийн шийдвэрийг 15 шүүгчийн ес нь дэмжиж, зургаа нь эсэргүүцсэн байна.

Юүжи Ивасава хэлэхдээ “Шүүх бүх нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд Мьянмарын үйл ажиллагааг тайлбарлах цорын ганц үндэслэлтэй дүгнэлт нь Рохинжа үндэстний томоохон хэсгийг устгах зорилго агуулж байсан явдал юм” хэмээн онцолжээ.

Мөн шүүх Мьянмар улсыг олон улсын эрх зүйн бусад хэд хэдэн зөрчил гаргасан гэж буруутгасан байна. Тухайлбал, хохирогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх, дүрвэгсдийг эх нутагтаа буцахад нь дэмжлэг үзүүлэх, салж хагацсан гэр бүлүүдийг нэгтгэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

2017 оны үйл явдалтай холбоотой хэрэг

Шүүхийн шийдвэр нь 2017 онд Мьянмарын Ракхайн мужид болсон үйл явдалтай холбоотой аж. Тухайн үед Рохинжа үндэстний зэвсэгт бүлэглэл болох Араканы Рохинжа аврах зэвсэгт хүчин (ARSA) цагдаа, цэргийн байгууламжуудад халдсаны дараа Мьянмарын зэвсэгт хүчин тус бүс нутагт “цэвэрлэгээний ажиллагаа” хэмээн нэрлэсэн цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.

НҮБ-ын мэдээлснээр, уг ажиллагааны улмаас Рохинжа үндэстний 700 мянга гаруй иргэн хөрш Бангладеш улс руу дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Тэдний дийлэнх нь өнөөдрийг хүртэл дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа аж.

Гамби улс 2019 онд Мьянмарын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус улсыг “Геноцид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц”-ийг зөрчсөн хэмээн буруутгажээ.

Улмаар 2020 оны нэгдүгээр сард шүүх Мьянмар улсад геноцид үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, холбогдох нотлох баримтыг хадгалах түр арга хэмжээ авахыг даалгасан юм.

Харин 2022 онд шүүх Мьянмарын эрх баригчдын гаргасан харъяаллын талаарх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг үндсэн агуулгаар нь үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргажээ.

Мьянмарын цэргийн эрх баригчид "олон жилийн турш геноцид үйлдсэн" гэх буруутгасныг няцааж, тухайн ажиллагааг зэвсэгт босогчдын эсрэг явуулсан хууль ёсны цэргийн ажиллагаа байсан хэмээн тайлбарлаж ирсэн байна.

Тус улсын төрийн эрхийг бодитоор удирдаж байсан Аун Сан Су Чи ч Гаагийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "геноцид үйлдсэн" гэх хэрэгт буруутгасныг эсэргүүцэж, “бүрэн бус, буруу мэдээлэлд үндэслэсэн” хэмээн мэдэгдэж байжээ.

НҮБ-ын шүүх ямар дүгнэлтэд хүрэв?

НҮБ-ын Олон улсын шүүх "Рохинжа үндэстэн олон улсын геноцидоос урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хамгаалалтад хамаарах бие даасан угсаатны бүлэг мөн" гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхийн дарга Юүжи Ивасавагийн мэдэгдсэнээр, Мьянмарын аюулгүй байдлын хүчнийхэн Рохинжа үндэстний олон мянган энгийн иргэний амийг хөнөөж, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг олноор үйлдэж, хүүхдүүдэд онц хэрцгий хүчирхийлэл үзүүлжээ.

Мөн тус шүүх "Бангладеш руу дүрвэхийг оролдсон цөөнхийн бүлгийн иргэд рүү халдсан" гэж дүгнэжээ.

Ивасава “2017 оны цэргийн цэвэрлэгээний ажиллагаа нь хамгаалалтад байх ёстой уг бүлгийн олон тооны гишүүнд бие махбодын болон сэтгэл санааны ноцтой хохирол учруулсан гэдэгт шүүх бүрэн итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн "Мьянмарын эрх баригчид Рохинжа үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ аваагүй бөгөөд гарсан байж болзошгүй гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа үр дүнтэй, хараат бус байж чадаагүй" гэж үзжээ.

Нөхөн төлбөр болон дүрвэгсдийг эх нутагт нь буцаах асуудал

НҮБ-ын Олон улсын шүүхийн шийдвэрээр Мьянмар улс өөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас Рохинжа үндэстэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх, эрхийг нь сэргээх үүрэг хүлээж байгаа аж.

Тодруулбал, дүрвэгсдийг урьд нь амьдарч байсан нутагт нь аюулгүй, сайн дурын үндсэн дээр, хүний нэр төрийг хүндэтгэсэн нөхцөлөөр буцаан суурьшуулахад дэмжлэг үзүүлэх ёстой юм байна.

Мөн шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан болон нөхөн төлбөрийн талаарх саналаа танилцуулахыг Мьянмар улсад үүрэг болгожээ.

Харин нөхөн төлбөрийн тодорхой хэмжээ, олгох журам зэргийг шүүхийн процессын дараагийн шатанд тусгайлан тогтоох аж.

Энэхүү шийдвэр нь НҮБ-ын Олон улсын шүүхээр хэлэлцэгдэж буй бусад геноцидын хэргүүдэд, тухайлбал Газын зурвас дахь дайны үйл явдал болон ОХУ-ын Украинд хийсэн түрэмгийлэлтэй холбоотой маргаануудад чухал жишиг болох төлөвтэй байна.

Эх сурвалж: DW