Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид, сэтгүүлчид ээ!

Та бүхэнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форумд тавтай морилохыг урьж байна.

Мөн форумын хамтран зохион байгуулагч Оросын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яам, “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлаг, “Sputnik Mongolia” агентлаг болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хамт олонд талархал илэрхийлье.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ үед Монгол-Оросын Хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагдаж буйд онцгой ач холбогдол өгч байна.

Олон зууны туршид уламжлагдан ирсэн найрсаг харилцаа, хоёр зууныг дамнан хөгжсөн дипломат хамтын ажиллагаандаа тулгуурлан манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт харилцаагаа улам бэхжүүлсээр ирлээ.
 
Өнөөдөр бид дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, мэдээллийн орчин урьд өмнө байгаагүй хурдацтай өөрчлөгдөж буй цаг үед амьдарч байна.

Олон улсын харилцаанд хүчний харьцаа өөрчлөгдөж, геополитикийн өрсөлдөөн эрчимжиж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний зөрчил, мөргөлдөөн, эдийн засгийн хориг, худалдааны хязгаарлалт, технологийн өрсөлдөөн улс орнуудын харилцаанд шинэ сорилт бий болгож байна.

Энэ өөрчлөлт зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөж байгаа хэрэг биш. Мэдээллийг хэн бүтээж, хэн түгээж, ямар өнцгөөс тайлбарлаж, олон нийтийн ойлголтод хэрхэн нөлөөлж байгаагаар улс орнуудын байр суурь, нөлөөлөл тодорхойлогдох болсон.

Өөрөөр хэлбэл, мэдээлэл бол өнөөдөр зөвхөн мэдээ дамжуулах хэрэгсэл биш. Улс орны нэр хүнд, үндэсний ашиг сонирхол, олон нийтийн итгэл, нийгмийн тогтвортой байдал, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг стратегийн хүчин зүйл болжээ.

Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн салбарын өмнө нэг чухал асуулт тавигдаж байна. Бид дэлхийн мэдээллийн урсгалд зөвхөн хэрэглэгч байх уу, эсвэл өөрийн байр суурь, дуу хоолойтой, мэдээлэл бүтээдэг, олон улсын мэдээллийн орчинд нөлөөлдөг оролцогч байх уу?

Миний хувьд энэ бол өнөөдрийн форумын хэлэлцэх ёстой хамгийн чухал асуудлын нэг юм.

Монгол Улсын геополитикийн байр суурь ба хэвлэл мэдээллийн үүрэг

Монгол Улс газар зүйн байрлалын хувьд Орос, Хятад гэсэн дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн томоохон тоглогч хоёр улстай хиллэдэг. Энэ бол манай улсын гадаад харилцаа, эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны онцлогийг тодорхойлдог бодит нөхцөл юм.

Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь стратегийн чухал зорилт билээ.

Энэ бодлогын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын харилцаа онцгой ач холбогдолтой. Учир нь, улс төрийн харилцаа төрийн түвшинд хөгждөг бол ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл, бодит мэдлэг мэдээлэл нь нийгмийн түвшинд, түүний дотор хэвлэл мэдээллээр дамжин төлөвшдөг.

Монгол, Оросын ард түмэн олон жилийн түүхэн харилцаа, хөршийн уламжлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн салбарын хамтын ажиллагаатай.

Энэ харилцааг өнөөгийн нөхцөлд шинэ агуулгаар баяжуулах, хоёр орны нийгэмд болж буй үйл явдлыг харилцан зөв ойлгуулж, бодит мэдээлэл хүргэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг чухал юм.
Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлмээр байна.

Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа гэдэг нь нэг улсын байр суурийг нөгөө улсад дамжуулах, эсвэл нэг талын мэдээллийг нөгөө талд түгээх төдий ойлголт биш. Харин өөр өөр байр суурь, үзэл бодол, үндэсний ашиг сонирхлыг харилцан ойлгож, баримтад тулгуурласан мэдээллээр дамжуулан итгэлцлийг бий болгох үйл явц юм.

Бидэнд үзэл бодлын ялгаа байж болно. Олон улсын үйл явдлыг үнэлэх үнэлэмж, байр суурь ч өөр байж болно. Харин бодит баримт, мэргэжлийн хариуцлага, мэдээллийн үнэн зөв байдал бол сэтгүүл зүйн нийтлэг шалгуур байх ёстой.

Дэлхийн мэдээллийн орчинд өөрийн дуу хоолойтой байх нь

Өнөөдөр дэлхийн мэдээллийн урсгал цөөн тооны томоохон мэдээллийн агентлаг, олон улсын медиа корпорац, дижитал платформ, алгоритмын нөлөөнд ихээхэн төвлөрч байна.

Дэлхийд юу болж байгааг бид ихэвчлэн бусдын бүтээсэн мэдээллээр мэдэж, бусдын сонгосон өнцгөөр хүлээн авч, бусдын тайлбараар ойлгох нь түгээмэл болжээ.

Энэ бол жижиг, дунд улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй бодит сорилт юм. Монгол Улсын хувьд ч мөн адил.

Бид олон улсын мэдээллийг зөвхөн орчуулж дамжуулдаг бус, өөрийн орны өнцөг, үндэсний эрх ашиг, нийгмийн хэрэгцээ, мэргэжлийн үнэлэмжид тулгуурлан боловсруулж, дэлхийд өөрсдийн мэдээлэл, байр сууриа хүргэдэг байх шаардлагатай.

Дэлхийн мэдээг монгол уншигч, үзэгч, сонсогчдод хүргэхдээ тухайн үйл явдал Монгол Улсад ямар хамааралтай, манай нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлж болохыг тайлбарлах хэрэгтэй.

Үүний нэгэн адил Монголд болж буй үйл явдлыг Оросын болон олон улсын уншигчдад зөв, бодитой, ойлгомжтой хүргэх шаардлагатай.

Тиймээс мэдээллийн урсгалын хоёр талын тэнцвэртэй байдлыг хангах, харилцан мэдээлэл түгээх боломжийг нэмэгдүүлэх нь бидний хамтын зорилго байх ёстой.

Технологийн хувьсгал ба сэтгүүл зүйн ирээдүй

Өнөөдрийн форумын хөтөлбөрт хиймэл оюун ухаан, редакцын үйл ажиллагааны шинэ технологи, дэлхийн мэдээг өөрийн үзэгч, уншигчдад хэрхэн ойлгомжтой хүргэх, үндэсний соёлын онцлогийг хадгалах зэрэг асуудлыг тусгасан нь цаг үеэ олсон чухал алхам гэж үзэж байна.

Хиймэл оюун ухаан, алгоритм, дижитал платформын хөгжил хэвлэл мэдээллийн салбарын үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээний бүх тогтолцоог өөрчилж байна.

Өмнө нь мэдээлэл түгээхэд редакц, сэтгүүлч гол үүрэгтэй байсан бол өнөөдөр алгоритм ямар мэдээллийг хэнд, хэзээ, ямар дарааллаар хүргэхэд асар их нөлөө үзүүлж байна.

Үүний зэрэгцээ хуурамч мэдээлэл, зохиомол дүрс бичлэг, хиймэл оюунаар бүтээсэн төөрөгдүүлсэн контент, мэдээллийн манипуляци нь олон нийтийн итгэлд ноцтой эрсдэл учруулж байна.

Бид технологийн хөгжлийг зогсоож чадахгүй. Харин түүнийг мэргэжлийн сэтгүүл зүйн зарчимд нийцүүлэн ашиглаж сурах ёстой.

Энд нэг зарчмыг тодорхой хэлэх хэрэгтэй.

Хиймэл оюун ухаан мэдээлэл боловсруулахад тусалж болно. Гэхдээ үнэнийг тогтоох, баримтыг баталгаажуулах, нийгмийн өмнө хариуцлага хүлээх үүрэг сэтгүүлчид болон редакцад хэвээр үлдэнэ.

Технологи хөгжих тусам мэргэжлийн сэтгүүлчийн үнэ цэн буурах биш, харин ч нэмэгдэх учиртай.

Мөн үндэсний хэл, соёл, түүх, уламжлал, үнэт зүйлээ хамгаалах асуудал технологийн эрин үед хэвлэл мэдээллийн байгууллагуудын стратегийн нэг хэсэг байх ёстой.

Дэлхийн чиг хандлагыг дагахын зэрэгцээ үндэсний онцлогоо алдахгүй байх нь ирээдүйн хэвлэл мэдээллийн хөгжлийн гол шалгуур юм.

Хамтын ажиллагаа бол бодит үр дүн байх ёстой

Би өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд БНХАУ-ын Фүжөү хотод болсон “Бүс ба Зам” санаачилгын Мэдээллийн сүлжээний /BRNN/ IV зөвлөлийн хуралд оролцохдоо нэг чухал байр суурийг илэрхийлсэн.

Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн нь зөвхөн хамтарсан тунхаглал, санамж бичиг, уулзалт хэлэлцүүлгээр хэмжигдэх ёсгүй. Харин тэдгээрт туссан зорилтуудыг бодит төсөл, хамтарсан бүтээл, мэргэжлийн солилцоо, тогтвортой түншлэл болгон хэрэгжүүлж чадсан эсэхээр хэмжигдэх учиртай.

Энэ зарчим Монгол–Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд ч мөн адил хамаарна. Бидний өнөөдрийн форумыг зөвхөн нэг удаагийн уулзалт байлгахыг хүсэхгүй байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ нөхцөлд нийцүүлэн хөгжүүлэх, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд түншлэлийг өргөжүүлэх, залуу сэтгүүлчдийн солилцоо, мэргэжлийн сургалт, хамтарсан бүтээлийг дэмжих шаардлагатай байна.

Ялангуяа дараах асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.

1.Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох тогтвортой тогтолцоо бий болгох.
2.Хиймэл оюун ухаан, баримт нягтлах, мэдээллийн аюулгүй байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварын чиглэлээр туршлага солилцох.
3.Хил орчмын бүс нутгийн сэтгүүлчдийн хамтын ажиллагааг дэмжиж, орон нутгийн иргэдийн дуу хоолой, бүс нутгийн бодит асуудлыг олон нийтэд хүргэх.
4, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй асуудлаар хамтарсан сэтгүүл зүйн бүтээл туурвих.

Эдгээр нь зөвхөн мэргэжлийн хамтын ажиллагааны асуудал биш. Харин хоёр орны иргэд харилцан бие биеэ илүү сайн ойлгох, бүс нутгийн мэдээллийн харилцааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр юм. 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашиг, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих үндэсний мэргэжлийн байгууллага юм.

Бид олон улсын харилцааны аль ч нөхцөлд сэтгүүл зүйн үндсэн зарчим болох бодит байдал, баримт, мэргэжлийн ёс зүй, редакцын хариуцлага, олон нийтийн мэдээлэл авах эрхийг эрхэмлэх ёстой гэж үздэг.

Сэтгүүлч бол хэн нэгний байр суурийг хамгаалагч бус, нийгэмд үнэнийг эрэлхийлж, олон талын мэдээллийг хүргэх мэргэжлийн үүрэгтэй хүн. Тиймээс бидний хамтын ажиллагаа сэтгүүлчдийн мэргэжлийн бие даасан байдал, харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлах ёстой.

Эрхэм хүндэт зочид оо!

Өнөөдрийн форумын гурван хэлэлцүүлэг тус бүр өөр өөр сэдэвтэй боловч нэг л нийтлэг асуултад хариулт эрэлхийлж байна.

Тэр нь: дэлхийн мэдээллийн эрчимтэй өөрчлөлтийн энэ үед бид өөрийн дуу хоолой, мэргэжлийн үнэт зүйл, үндэсний онцлогоо хэрхэн хадгалж, ирээдүйн хэвлэл мэдээллийг хэрхэн бүтээх вэ гэдэг асуудал юм.

Бид өнөөдөр зөвхөн Монгол–Оросын хэвлэл мэдээллийн өнөөгийн хамтын ажиллагааны тухай ярихгүй. Харин маргаашийн мэдээллийн орчинд ямар байр суурьтай байх, ямар зарчим баримтлах, ямар хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай ярилцах гэж байна.

Дэлхий өөрчлөгдөж болно. Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Технологи шинэчлэгдэж болно. Харин сэтгүүл зүйн үнэн зөв мэдээлэл, мэргэжлийн хариуцлага, олон нийтийн итгэл гэдэг үнэт зүйлс өөрчлөгдөх ёсгүй.
Энэ бол бидний баримтлах зарчим, хамтын ажиллагааны үндэс байх учиртай.

Өнөөдрийн форумын хэлэлцүүлэг үр дүнтэй болж, хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаанд шинэ боломж, шинэ санаачилга, бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.

Форумыг хамтран зохион байгуулж буй Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд, зохион байгуулагчдын баг, бүх хамтран ажиллагчдадаа дахин талархал илэрхийлье.

Форумд оролцож буй нийт төлөөлөгчдөдөө амжилт хүсье.

Монгол–Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа харилцан итгэлцэл, мэргэжлийн эрх чөлөө, бодит мэдээлэл, хамтарсан бүтээлд тулгуурлан улам өргөжин хөгжих болтугай!
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форумыг нээснийг мэдэгдье.