“Алтан бөмбөг” шагналын найман удаагийн эзэн Лионель Мессигийн ээж Селия Куччиттини Италийн “Комо” клубийн хагас хамгаалагч Нико Пасыг Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг дахь хүүгийнхээ залгамжлагч гэж үзэж байгаа аж. Энэ талаар тоглогчийн авга ах Фабиан Пас Radio La Red радиод ярилцлага өгөхдөө дурджээ.

Месси аравдугаар сарын 7-нд Аргентины шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолтоо хийсэн. Тус тоглолтод Аргентинчууд Бениний багийг 3:0 харьцаатай буулган авсан бөгөөд Месси нэг гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгсөн билээ. Мессигийн ээж болон Нико Пас нарын яриа энэхүү тоглолтын дараа болжээ.

Фабиан Пас “Тэр хувцас солих өрөөнөөс гарч ирэхэд Мессигийн ээж уйлж байсан. Тэр түүнийг таньдаг байсан тул мэндлэхээр дөхөж очтол Мессигийн ээж гараас нь атгаад ‘Чи бол миний хүүгийн залгамжлагч’ гэж хэлсэн байна.

Би түүнийг машинд хүлээж байсан юм. Тэр гарч ирэхдээ цочирдсон байдалтай ‘Сая надад юу тохиолдов оо, би итгэж чадахгүй байна’ гэж хэлсэн. Тэр энэ тухай яг л ямар нэгэн итгэмээргүй зүйл болсон мэт ярьж байлаа. Тэр сэтгэл зүрхэндээ хүүхэд шиг хүн болохоор ихэд сэтгэл нь хөдөлсөн байсан” хэмээн ярьжээ.

Эдүгээ 39 настай Месси 2023 оноос хойш Хойд Америкийн Хөлбөмбөгийн Дээд Лигийн (MLS) “Интер Майами” клубт хүчин зүтгэж буй. Тэрбээр Европт Францын “ПСЖ” болон Испанийн “Барселона” багуудад тоглож байсан бөгөөд “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт дөрвөн удаа, УЕФА-гийн Супер цом болон Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлсэн.

Мөн довтлогч эр дэлхийн аварга (2022), дэлхийн аваргын хошой мөнгөн медальт (2014, 2026), олимпын аварга (2008), Америкийн цомын хошой аварга (2021, 2024) юм. Месси “Алтан бөмбөг” хүртсэн тоогоороо дээд амжилтыг эзэмшдэг.

Өдгөө 22 настай Нико Пас нь Мадридын “Реал” клубийн академийн төгсөгч бөгөөд тус багийн хамт 2024 онд Испанийн аварга, Аваргуудын лиг болон улсынхаа Супер цомд түрүүлж байв. Тэрбээр 2024 оноос хойш “Комо” клубт тоглож буй.

Аргентин тоглогч эхлээд зээлээр тус багийн өмнөөс хүчин зүтгэж байгаад улмаар үндсэн тоглогч нь болжээ. Сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлснээр “Комо” клуб түүнийг 2026 оны зун 60 сая еврогоор худалдан авсан байна.

Эх сурвалж: TASS