Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо жюү жицүгийн бүсний ангилалтай “AJP” холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Abu Dhabi World Pro) амжилттай үргэлжилж байна.

Тэмцээний 10 дахь өдөр “Мастерс-1” (M1) ангиллын хар бүсний -95 кг-ын жинд барилдсан “Thunder BJJ” академийн багш, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Батбаатарын Хулан өрсөлдөгчдөө ялж, алтан медаль хүртэн дэлхийн аварга боллоо.

Энэхүү ялалтаар ОУХМ Б.Хулан “AJP” холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртэж буй бол дэлхийн дэвжээнээс нийт найм дахь медалиа зүүж байна.

Түүний хувьд 2026 оны наймдугаар сард Абу Даби хотноо болсон Олон улсын жюү жицүгийн холбооны (JJIF) бүсний ангилалгүй насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд түрүүлж, Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн аварга болсон бахдам амжилтын эзэн юм.

Тэрбээр нэг жилийн дотор ийнхүү жюү жицүгийн хоёр өөр холбооны дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч, ур чадвараа дахин баталлаа.

Э.ЭГШИГЛЭН