БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён лхагва гарагт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын гишүүн орнуудыг чухал ашигт малтмал болон эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах чиглэлээр хамтран ажиллахыг уриалжээ.

Тэрбээр дэлхийн хэмжээнд протекционист бодлого буюу худалдааг хамгаалах чиг хандлага нэмэгдэж, эдийн засгийн тодорхойгүй байдал даамжирч буй энэ үед ийнхүү мэдэгдсэн байна.

Ли Жэ Мён энэ тухайгаа БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад үг хэлэх үеэрээ онцолжээ. Тэрбээр сүүлийн үед үүссэн геополитикийн хямралууд болон үүний улмаас Ази, Номхон далайн бүс нутагт нийлүүлэлтийн сүлжээнд гарч буй доголдлыг дурдсан байна.

Тэрбээр уулзалтын үеэр "Олон улсын хамтын нийгэмлэг нийлүүлэлтийн сүлжээнд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх тогтолцоог бүрдүүлж, чухал ашигт малтмал болон эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд хамтран ажиллах шаардлагатай" гэжээ.

Мөн эдийн засгийн хуваагдлыг улам гүнзгийрүүлж буй худалдааг хамгаалах бодлогын өсөлт, геополитикийн зөрчил, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хувьсгал аж үйлдвэрийн салбарын бүтцийг өөрчилж байгааг онцолж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрүүдийг бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Тэрбээр "Хиймэл оюун ухааны хувьсгалаас бий болох үр өгөөжийг хүн бүрд хүртээмжтэй инновац болгон хувиргах ёстой. Бидний нэн тэргүүний зорилт бол АПЕК-ийн бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, улмаар бизнес эрхлэгчдэд эдийн засгийн өсөлтийн шинэ боломжуудыг бий болгох явдал юм" хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч хиймэл оюун ухааны хувьсгалд бүс нутгийн улс орнууд хамтран хариу арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.

Тэрбээр "Бид хиймэл оюун ухааны технологийн ялгааг багасгахаар хязгаарлагдах ёсгүй. Харин илүү олон улс орон, бизнес эрхлэгчдэд инновац, шинэ технологи хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж: YONHAP