ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хийх гурван талт анхны уулзалтаас өндөр үр дүн хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Уг уулзалт арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод болох юм. Путин энэ тухайгаа арваннэгдүгээр сарын 18-ны лхагва гарагт болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн байна.

Түүний үзэж буйгаар, гурван улсын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын ашиг сонирхлыг харилцан тэнцвэржүүлэх замаар харилцан буулт хийх, тохиролцоонд хүрэх нь хэлэлцээний гол зорилго байх ёстой аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн "төрийн хувиа хичээсэн үзэл" болон "дэлхийн эдийн засгийн хуваагдал"-ыг шүүмжилж, улс орнуудыг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалжээ. Тэрбээр улс орнуудын харилцаа тусгаарлалт бус түншлэл, тулган шаардалт бус яриа хэлэлцээнд тулгуурлах ёстойг онцолсон байна.

Путин барууны хориг арга хэмжээг шүүмжилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хятадад ирэхээс өмнө Владимир Путин Украины эсрэг ОХУ-ын эхлүүлсэн дайны хариуд барууны орнуудаас авсан хориг арга хэмжээг дахин шүүмжилсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, Орос улс авсан хориг арга хэмжээнийхээ тоогоор дэлхийд "дээд амжилт" тогтоосон ч тэдгээрийг амжилттай даван туулж байгаа аж. Харин Путин "Барууны орнууд эдгээр хориг арга хэмжээгээрээ өөрсдөдөө хохирол учруулж байна" гэж үзжээ.

Тухайлбал, тэрбээр "Европын холбоо Оросын хямд эрчим хүчний эх үүсвэрээс татгалзсанаар эдийн засгийн чадавхаа алдаж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Үүний дараа Ши Жиньпинтэй хийсэн хоёр талын уулзалтын үеэр Путин "дэлхийн илүү шударга дэг журмыг" бүрдүүлэх шаардлагатайг онцолжээ.

Түүний хэлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй Орос, Хятад хоёр улсын гадаад бодлогын хамтын ажиллагаа геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлыг үл харгалзан олон улсын тавцанд тогтвортой хөгжиж байгаа аж.

Харин Ши Жиньпин Орос, Хятадын харилцааг "салхи, бороог үл ажран бат зогсох уул мэт тууштай" хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн хоёр улсын харилцаа дэлхийн улс төрийн нөхцөл байдлын түр зуурын өөрчлөлтөөс хамаардаггүйг онцолсон байна.

Ши Жиньпин чөлөөт худалдааг өргөжүүлэхийг уриалав

Үүнээс өмнө Ши Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзахдаа дэлхийн хэмжээнд худалдааны саад тотгор нэмэгдэж байгааг анхааруулж, чөлөөт худалдааг өргөжүүлэхийг уриалжээ.

Тэрбээр "Нээлттэй байдал хөгжил дэвшлийг авчирдаг бол тусгаарлалт зайлшгүй хоцрогдолд хүргэдэг" хэмээн мэдэгдсэн байна. Мөн олон улсын худалдааны тогтолцоог бэхжүүлж, худалдаа болон хөрөнгө оруулалтад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатайг онцолжээ.

Үүнээс гадна хиймэл оюун ухаан болон дижитал эдийн засгийн салбарт улс орнуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг уриалсан байна.

Хятадын удирдагч мөн өөрийн улсыг бизнес эрхлэхэд таатай орчин бүхий улс хэмээн танилцуулжээ. Түүний хэлснээр, Хятад улс асар том зах зээлээ цаашид нээлттэй байлгаж, гадаадын чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгэний импортыг нэмэгдүүлэх аж.

Хятад улс дэлхийн эдийн засгийн чухал түнш болохоо харуулахыг зорьж байна

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д АНУ, Хятад, Орос зэрэг нийт 21 улс багтдаг. Тус байгууллага нь Ази, Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Хятад улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг ашиглан дэлхийн эдийн засгийн чухал түнш болохоо харуулахыг зорьж буй аж. Уулзалтыг зохион байгуулж буй Шэньжэнь хот нь Хятадын эдийн засгийн өсөлт, хөгжлийн бэлгэ тэмдэг болсон хот юм.

Тус хот эдийн засгийн тусгай бүсийн статустай болсноос хойш өндөр технологийн томоохон метрополис болон хөгжжээ. Өдгөө Huawei, Tencent зэрэг технологийн томоохон компаниуд болон цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн төв оффисууд Шэньжэнь хотод байрлаж буй юм.

Эх сурвалж: DW