УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хотын дарга Х.Нямбаатар-\ыг огцруулсан шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?
-Х.Нямбаатар бол нийслэлийн иргэдээс шууд утгаараа ялалтын мандат авсан хүн. Түүнийг Хотын даргаар ажиллуулах, дэвшүүлсэн бодлого, төслүүдийг нь хэрэгжүүлэхийн тулд НИТХ-ын 45 суудлын 40-ийг олон нийт өгсөн. Энэ бол юуны өмнө анхаарч үзэх ёстой улс төрийн томоохон мандат байсан болов уу гэж харж байна.
Ер нь ард түмэн сонголтоо хийж, саналаа өгсний дараа дундуур нь улс төрийн шийдвэрээр өөрчилдөг жишиг тогтчихвол нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо төдийгүй ардчилсан сонгуулийн зарчимд урт хугацаандаа сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Нөгөө талаас нь авч үзвэл, 2027 оны томоохон сонгууль ойртож байна. Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь амьдардаг нийслэлийн иргэдийн дунд ийм хэмжээний бухимдал, үл ойлголцол үүсэх нь улс төрийн хувьд хэр зохистой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ шийдвэрийн улс төрийн нөлөө, үр дагавар дараагийн сонгуулиудаар илүү тодорхой харагдах болов уу гэж бодож байна.
Миний хувьд үүнийг улс төрийн өндөр эрсдэлтэй шийдвэр гэж харж байна. Гэхдээ Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд гарч буй шийдвэр учраас хүндэтгэж байна. Цаашид томилогдох Хотын дарга нийслэлийн хөгжлийн төлөө үр дүнтэй ажиллах нь хамгийн чухал. Хотын удирдлага гэдэг өөрөө асар төвөгтэй, өндөр хариуцлагатай ажил шүү дээ.
-Таныг хууль, шүүхийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Тийм ээ, шалгагдаж байна. Би шаардлагатай бүх тайлбар, мэдээллээ өгсөн. Харин шалгалтын ажиллагаа аль болох шуурхай дуусч, асуудал нэг мөр шийдэгдэн, олон нийтэд ил тод мэдээлэгдээсэй гэж хүсэж байна.