Европын комисс арваннэгдүгээр сарын 18-ны лхагва гарагт Украинд 2027 онд зориулан 45 тэрбум хүртэлх еврогийн нэмэлт зээл олгох санал дэвшүүлжээ.
Уг зээл Украины санхүүжилтийн 70 тэрбум еврогоор хэмжигдэж буй алдагдлын ойролцоогоор гуравны хоёрыг нөхөх зорилготой аж. Энэ талаар Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Брюссель хотод мэдэгдсэн байна.
Тэрбээр "Украиныг хэлэлцээрийн ширээний ард хүчтэй байр суурьтай байлгах хамгийн оновчтой арга зам бол энэ гэж бид үзэж байна" хэмээн онцолжээ. Мөн Украины тал уг зээлийг зөвхөн ОХУ дайны улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсний дараа буцаан төлөх нөхцөлтэй талаар мэдэгдсэн байна.
Европын комиссын саналд тусгаснаар, нийт зээлийн:
- 25 тэрбум хүртэлх еврог батлан хамгаалахын салбарын тусламжид;
- 20 тэрбум хүртэлх еврог Украины улсын төсвийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.
Европын холбоо уг санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс босгох бөгөөд ЕХ-ны төсвийн баталгаанд үндэслэн зээл авах юм байна. Харин Украины улсын төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх зэрэг шинэчлэл хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр олгохоор тусгажээ.
Шинээр санал болгож буй энэхүү зээл нь Европын холбооноос 2026-2027 онд Украинд олгохоор өмнө нь тохиролцсон 90 тэрбум еврогийн зээлийн санхүүжилт дээр нэмэгдэх юм байна. Гэхдээ уг саналыг хэрэгжүүлэхийн тулд Европын холбооны Зөвлөл болон Европын парламент хэлэлцэж, батлах шаардлагатай хэвээр аж.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен арваннэгдүгээр сарын 26, 27-нд болох Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар энэхүү санаачилгаа танилцуулахаа мэдэгджээ.
Эх сурвалж: DW