Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын хувьд стратегийн чухал ач холбогдолтой Крымийн гүүрийг хэсэгчлэн сүйтгэсэн ажиллагаанд зөвхөн Украины дотоодод үйлдвэрлэсэн зэвсэг ашигласан" гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, уг ажиллагаанд ашигласан нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон далавчит пуужингууд байндаа өндөр нарийвчлалтай тусаж, үр дүнтэй болохоо харуулсан байна.
Зеленский энэ тухай арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагийн орой X нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Энэ бүхэн Украины үйлдвэрлэсэн зэвсэг" хэмээн онцолсон байна.
Мөн Зеленский "Украин батлан хамгаалах салбарын технологи хөгжүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэх гурван улсын нэг болсон" гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, Европт энэ чиглэлээр Украин нэгдүгээрт бичигдэж байгаа аж.
Тэрбээр "Манай улсын технологи, үйлдвэрлэлийн салбар амжилттай хөгжиж байна. Бид Оросын довтолгооны эсрэг хариу арга хэмжээ авч чадсан, цаашид ч үргэлжлүүлэн авна. Бид Оросын өмнө ухарч болохгүй" хэмээн мэдэгдсэн байна.
"Бэлгэдлийн шинжтэй үйлдэл"
Украины цэргийн ажиллагаанд оролцсон офицер мөн үүнтэй төстэй мэдээллийг Их Британийн The Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр "Крымийн гүүр рүү чиглэсэн Украины Зэвсэгт хүчний ажиллагааг хэрэгжүүлэхдээ хиймэл дагуулын Starlink холбоо болон түүний цэргийн зориулалттай Starshield хувилбарыг ашиглаагүй" гэж онцолсон байна.
Офицерын ярьснаар, АНУ-ын тал ийм төрлийн ажиллагаа явуулахад шаардлагатай холбооны системийг саатуулахыг оролдсон ч Украин өөрийн гэсэн холбооны технологи хөгжүүлэх боломжтойгоо харуулжээ.
Тэрбээр энэ талаар "АНУ-ынхан ийм төрлийн ажиллагаа явуулахад бидний холбоог саатуулахыг оролдсон. Гэвч энэ ажиллагаа бид радио дохиог дамжуулах, өсгөх өөрсдийн хэрэгслийг боловсруулж чадна гэдгийг баталлаа.
Бид анх удаа бүх нисгэгчгүй төхөөрөмжөө пуужинд дүрсний дохио дамжуулахад ашигласан. Ингэснээр пуужингууд гүүрний тодорхой цэгүүдийг нарийвчлалтай онилох боломжтой болсон. Бид Starlink ашиглахгүйгээр ийм ажиллагаа явуулж чадна гэдгээ харуулсан" хэмээн ярьжээ.
Түүнчлэн офицер "Уг ажиллагааг Владимир Путин, Дональд Трамп болон Ши Жиньпин нарын Хятадад хийх уулзалтын өмнө бэлгэдлийн үйлдэл болгон зохион байгуулахаар төлөвлөсөн" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр "Бид энэ ажиллагааг Трамп, Путин, Ши нарын уулзалтын өмнөх бэлгэдлийн үйлдэл байхаар төлөвлөсөн. Ингэснээр Путин сул дорой гэдгийг харуулахыг зорьсон" хэмээн тайлбарлажээ.
Путиний нэр хүндтэй холбогддог стратегийн төсөл
Арваннэгдүгээр сарын 17-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин агаараас өргөн хүрээтэй цохилт өгсний улмаас Оросын эх газрыг Украины нутаг дэвсгэр болох Крымийн хойгтой холбодог Крымийн гүүр хэсэгчлэн сүйдсэн гэж DW мэдээлжээ.
Украины хувьд энэ нь Оростой үргэлжилж буй дайны нөхцөлд олж авсан томоохон амжилтуудын нэг болсон гэж тус хэвлэл онцолсон байна.
Керчийн хоолой дээгүүр баригдсан уг гүүр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэр хүндтэй холбогддог томоохон бүтээн байгуулалтын төсөлд тооцогддог. Нийт 19 км урттай тус гүүр Оросын эх газар болон өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийг холбосон анхны байнгын тээврийн зам болсон юм.
Оросын тал уг гүүрээр дамжуулан Крым болон Украины өмнөд хэсгийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт байрлах цэргүүддээ хангамж нийлүүлдэг байжээ. Түүнчлэн Оросын хэдэн зуун мянган жуулчин автомашин болон галт тэргээр тус гүүрийг ашиглан Крымийн амралтын бүсүүдэд зорчдог байсан аж.
Эх сурвалж: DW