Бразилын Амазоны ширэнгэн ойн алслагдсан бүс нутагт гаднын нийгмээс сайн дураараа тусгаарлагдан амьдардаг уугуул иргэдийн нэг болох Ава омгийн 20 орчим хүн ойгоос гарч, төрийн төлөөлөгчдөөс хүнсний тусламж хүссэн ховор тохиолдол бүртгэгджээ. Энэхүү үйл явдал нь тэдний амьдрах орчинд хууль бус мод бэлтгэгчид, анчид болон мал аж ахуй эрхлэгчдээс учруулж буй аюул занал улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн уугуул иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхааруулжээ.
Их Британид төвтэй уугуул иргэдийн эрхийг хамгаалах Survival International байгууллага арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт уг үйл явдлын гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэсэн бөгөөд үүнийг “түүхэн уулзалт” хэмээн тодорхойлсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, нэг өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 16-нд Бразилын зүүн хойд хэсэгт орших Мараньян мужийн Арарибоиа уугуул иргэдийн хамгаалалттай газар нутагт төрийн багийнхан болон Ава омгийн 20 орчим хүн уулзжээ.
Тус омгийнхон хүнсний тусламж хүссэн бөгөөд ийм байдлаар ойгоос гарч, гаднын хүмүүстэй харилцсан нь сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ховор үйл явдал байж болзошгүйг байгууллагын төлөөлөгчид онцолсон байна.
Survival International байгууллагын тодорхойлсноор, гаднын ертөнц байдгийг мэддэг хэдий ч түүнтэй байнгын харилцаа холбоо тогтоодоггүй, гаднын хүмүүстэй харилцахаас зайлсхийж, өөрсдийн уламжлалт амьдралын хэв маягийг хадгалан амьдардаг уугуул иргэдийг тусгаарлагдсан бүлэгт хамааруулдаг аж.
Тус байгууллагын үзэж байгаагаар, Ава омгийнхон ойгоос гарч хүнс хүссэн нь тэдний нутаг дэвсгэрт гаднын хүмүүс нэвтэрч, амьдрах орчин болон хүнсний эх үүсвэрт нь дарамт учруулж байгаатай холбоотой байж болзошгүй юм байна.
Бразилын уугуул иргэдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага болох FUNAI уг үйл явдлын талаар мэдээлэл хийж, нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн тусгаарлагдсан Ава омгийнхны тосгоны оршин суугчидтай харилцаж буй дүрс бичлэг болон бусад мэдээллийг шалгаж байгаагаа мэдэгджээ.
Мөн ийм төрлийн уулзалт, харилцаа үүссэн тохиолдолд уугуул иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг багасгах зорилготой онцгой төлөвлөгөөг идэвхжүүлсэн байна. Учир нь, олон жилийн турш гаднын нийгмээс тусгаарлагдан амьдарсан хүмүүсийн хувьд гаднаас орж ирэх халдварт өвчин ноцтой аюул учруулж болзошгүй аж.
FUNAI байгууллагаас мөн Бразилын төр засаг тусгаарлагдсан омгийнхонтой зориудаар холбоо тогтоох бодлого баримтлаагүй бөгөөд цаашид ч тэдний сонголт, тусгаар амьдрах эрхийг хүндэтгэх зарчим хэвээр байгааг онцолжээ.
Ава омгийнхон нь Мараньян мужийн баруун хойд хэсэгт амьдардаг, Тупи-Гуарани хэлний бүлэгт хамаарах уугуул ард түмэн бөгөөд тэдний зарим бүлэг өнөөг хүртэл гаднын нийгмээс сайн дураараа тусгаарлагдан амьдарсаар байгаа аж.
Түүнчлэн Survival International байгууллага уг ховор бичлэгийг “Амазоны хамгаалагчид” хэмээн нэрлэгддэг, хууль бус мод бэлтгэгчид болон мал аж ахуй эрхлэгчдийн эсрэг тэмцдэг уугуул иргэдийн бүлгийн хүсэлтээр олон нийтэд дэлгэснээ мэдэгдсэн байна.
Харин Reuters агентлаг дүрс бичлэгийн яг хаана, хэзээ хийгдсэнийг бие даан баталгаажуулж чадаагүй бөгөөд арваннэгдүгээр сарын 17-ноос өмнө интернэтэд нийтлэгдсэн хуучин хувилбар олдоогүй гэж мэдээлжээ.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн хамгийн том ширэнгэн ой болох Амазоны бүс нутагт амьдардаг тусгаарлагдсан уугуул иргэдийн амьдрах орчин хууль бус алт олборлогчид, мод бэлтгэгчид болон мал аж ахуй эрхлэгчдийн халдлагад өртөх нь нэмэгдсэн байна. Эдгээр үйл ажиллагаа нь ой модыг сүйтгэхээс гадна уугуул иргэдийн уламжлалт амьдрал, хүнсний нөөц, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байгаа аж.
Ава омгийн 20 орчим хүн ойгоос ийн гарч, хүнсний тусламж хүссэн нь Амазоны уугуул иргэдийн өмнө тулгарч буй аюул занал, тэдний амьдрах орчныг хамгаалах асуудлыг олон улсын анхаарлын төвд дахин авчирсан онцгой үйл явдал боллоо.
Эх сурвалж: REUTERS, SURVIVAL INTERNATIONAL