Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.05.21/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ дахь МАН-ын бүлэг дотооддоо хуваагдсан учраас эсрэг талынхаа сайд нарыг шахаж, Ардчилсан намд долоон сайдын суудал санал болгох тухай яриа гарч байна. Ардчилсан намын даргын хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Би хэсэг хугацаанд чөлөөтэй байгаад, өнөөдөр ажилдаа орж ирлээ. Одоогийн байдлаар энэ талаар албан ёсоор яригдсан зүйл байхгүй байна. Ардчилсан намын Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь ч олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Миний хувьд Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт оролцох нь буруу гэж үздэг бөгөөд энэ байр суурь өнөөдөр ч хэвээрээ байна.
Учир нь, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхийн бүтэцтэй болсон. Олонх нь олонхынхоо үүргийг, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг хариуцлагатай хэрэгжүүлэх ёстой. Энэ ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулж болохгүй.
-Ардчилсан нам Засгийн газарт хамтарвал УИХ-ын даргын албан тушаалыг өгөх тухай асуудал яригдаж байна. Та үүнийг дэмжих үү?
-Ардчилсан нам Засгийн газарт хамтрах нь зөвхөн хууль, эрх зүйн талаасаа төдийгүй улс төрийн байр суурийн хувьд ч буруу гэж үзэж байна. Манай нам өнгөрсөн 10 жилийг “авлигад идэгдсэн 10 жил” хэмээн удаа дараа шүүмжилж ирсэн. Бид энэ асуудалд шүүмжлэлтэй байр суурьтай байсан хэвээр байна.
Тиймээс өнөөдөр хамтарч ажиллана гэдэг нь авлигад идэгдсэн гэж шүүмжилж ирсэн тогтолцоогоо хамтдаа хамгаалж, хаацайлж байгаа мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй. Ийм зүйл байж болохгүй.
Ардчилсан нам сөрөг хүчнийхөө байр суурийг тууштай баримталж, парламент дахь цөөнхийн үүргээ хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурин дээрээ байна.