Nvidia компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Харви Жонс мягмар гарагийн орой болсон компанийн санхүүгийн тайлангийн хурлын эхэнд "Компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорсон Жэнсэн Хуангийн хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч, түүнийг уг албан тушаалд эргүүлэн томилох төлөвлөгөөгүй байна" гэж  мэдэгджээ.

Энэ мэдэгдэл Хуанг мягмар гарагийн эхээр хийсэн мэдэгдэлдээ ТУЗ зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн томилогдвол нэр төрийн хэрэг байх болно хэмээн хэлсний дараа гарчээ.

Хуанг өнгөрсөн долоо хоногт үндэсний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол болон гэр бүлээс гадуурх хэд хэдэн харилцаатай байсан гэх мэдээлэл дэгдсэний улмаас гэнэтийн байдлаар албан тушаалаасаа огцорсон.

Харви Жонс компанийн санхүү хариуцсан захирал (CFO), мөн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Колетт Кресст Nvidia-г удирдан авч явах бүрэн итгэлтэй байгаагаа ТУЗ илэрхийлж байгааг онцолжээ. Одоогоор компани байнгын гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулж байгаа аж.

Мягмар гарагийн орой нийтэлсэн гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаараа компани хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, цаашдын хөгжлийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхийг зорьсон байна.

Энэ үеэр Колетт Кресс "Манай компанийн хөгжлийн төлөвлөгөө хэвийн үргэлжилж байна. Бидний зорилго, тэмүүлэл урьд өмнөхөөсөө ч илүү өндөр болсон" хэмээн мэдэгджээ.

Тэрбээр хөрөнгө оруулагчдад хандан "Бидний зорилго өөрчлөгдөхгүй. Шинэ зүйл бүтээх хүсэл эрмэлзэл маань өөрчлөгдөхгүй. Харилцагчид, түншүүд болон хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг амлалт маань ч хэвээр байх болно" гэж хэлсэн байна.

Тэрбээр Жэнсэн Хуангийн дуулиант асуудлын улмаас компанийн ирээдүйд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл ихээхэн ганхаад байгаа энэ үед ийнхүү мэдэгджээ.

Nvidia компанийн үүсгэн байгуулагч, сүүлийн 30 жилийн турш компанийг удирдсан Хуанг өнгөрсөн долоо хоногт огцорсноос хойш хөрөнгө оруулагчид компанийн санхүүгийн бодит үзүүлэлттэй анх удаа танилцсан байна.

Nvidia өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улирлын орлого болон ашгаа хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ хоёр үзүүлэлт хоёулаа Уолл Стритийн шинжээчдийн таамгаас давжээ.

Хувьцааны ханш огцом унаж, компанийн зах зээлийн үнэлгээ ихээхэн буурчээ

Nvidia компанийн санхүүгийн тайланг танилцуулахын өмнө тус компанийн хувьцаа сүүлийн 19 сарын хугацаан дахь хамгийн муу долоо хоногийн уналтаа үзжээ.

Хуанг гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, Nvidia компанийн ТУЗ түүнийг гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлснээс хойш компанийн хувьцааны ханш 16.7 хувиар буурчээ. Үүний улмаас компанийн зах зээлийн үнэлгээнээс 751 тэрбум ам.доллар "арчигдсан" байна.

Харин аравдугаар сарын 6-нд хувьцааны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрснээс хойш 35 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор хоёр их наяд ам.доллароор буурчээ.

Санхүүгийн тайлан гарахаас өмнө Siebert Financial компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Марк Малек уг тайланг Nvidia компанийн түүхэн дэх "хамгийн чухал тайлан" болно хэмээн бичсэн байна.

Хуан огцорсноос хойш Nvidia компанийн хувьцааны ханш дөрвөн өдөр дараалан унажээ. Харин мягмар гарагт 0.44 хувиар буурсан байна. Гэвч санхүүгийн тайлан болон шинжээчидтэй хийсэн хурлын дараа биржийн бус арилжаагаар хувьцааны ханш өсөж, АНУ-ын зүүн эргийн цагаар 18:10 цагийн байдлаар ойролцоогоор таван хувийн өсөлт үзүүлжээ.

Investing.com сайтын ахлах шинжээч Томас Монтейро тайлан гарсны дараа цахим шуудангаар өгсөн тайлбартаа "Санхүүгийн үзүүлэлтүүд маш өндөр гарч, цаашдын төлөв ч сайн байгаагийн зэрэгцээ Хуангийн эхлүүлсэн стратеги төлөвлөгөө хэвийн үргэлжилж байгааг баталгаажуулсан нь гүйцэтгэх захирлыг зохион байгуулалттайгаар солих үйл явц компанийн үнэ цэнийг заавал бууруулах албагүйг харуулж байна" гэжээ.

Тэрбээр цааш нь "Компани удирдлагын асуудлаар зөв шийдвэр гаргаж чадвал Nvidia-ийн өсөлт Жэнсэн Хуангтай байсан ч, түүнгүй байсан ч үргэлжлэх боломжтой" хэмээн нэмж хэлсэн байна.

Nvidia компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт тус компанид 13 жил санхүү хариуцсан захирлаар ажилласан Колетт Крессийг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсноо мэдэгдсэн. Мөн байнгын гүйцэтгэх захирлын албан тушаалд дотоод болон гадаад нэр дэвшигчдийг судалж байгаа талаар мэдээлжээ.

Түүнчлэн мягмар гарагт Nvidia компанийн ТУЗ үндэсний аюулгүй байдал болон экспортын хяналтыг хариуцах шинэ хяналтын хороо байгуулснаа зарласан байна.

Энэхүү хороо нь компани олон улсын худалдааны зохицуулалт, дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих бөгөөд үндэсний аюулгүй байдал болон хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж.

Nvidia CFO Colette Kress will serve as interim leader.
Зураг: Nvidia компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллана. Эх сурвалж: Nvidia.

Nvidia компанийн зарим ажилтан, хөрөнгө оруулагчид болон технологийн салбарын бусад удирдлагууд Хуангийн гэр бүлээс гадуурх хэд хэдэн харилцаатай байсан гэх мэдээллийг шалгаж дуусах хүртэл түүнийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилохыг ТУЗ-өөс шаардсан байна.

Тэдгээр мэдээлэлд Megaspeed компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Алис Хуантай харилцаатай байсан гэх асуудал багтжээ. АНУ-ын албаныхан түүнийг Хятадын тагнуулын албанд ажилладаг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Мөн Nvidia компанийн дор шууд харъяалагдан ажилладаг, доод шатны нэг ажилтантайгаа харилцаатай байсан гэх мэдээлэл ч бий.

Жэнсэн Хуанг огцорсноосоо хойш анх удаа олон нийтэд хандаж, мягмар гарагт мэдэгдэл хийхдээ "Хэрэв миний эргэн томилогдох нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, компани болон Америкийн эрх ашигт нийцнэ гэж ТУЗ үзвэл би гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ажиллахыг нэр төрийн хэрэг гэж үзнэ" хэмээн хэлжээ.

Харви Жонс мягмар гарагийн хурлын үеэр Хуангийн огцорсон асуудал болон компанийн дотоод шалгалтын талаар нэмэлт асуултад хариулахгүйгээ мэдэгдсэн байна. Гэхдээ нөхцөл байдал тохиромжтой болсон үед ТУЗ энэ талаар дахин мэдээлэл өгөх болно гэжээ.

Энэ удаагийн хурлын үеэр Колетт Кресстэй хамт Nvidia компанийн Hyperscale болон High-Performance Computing чиглэлийн дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер Иан Бак оролцож, шинжээчдийн асуултад хариулсан байна. Энэ нь компанийн дээд удирдлагын багт түүний гүйцэтгэж буй үүрэг, эзлэх байр суурь чухал болохыг харуулж байгаа аж.

Үүний зэрэгцээ Жэнсэн Хуанг арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Конгрессын Капитолын ордонд мэдүүлэг өгөхөөр болжээ.

Түүнээс Алис Хуантай тогтоосон харилцаа болон Сингапурт төвтэй Megaspeed компанид Nvidia-ийн чип нийлүүлсэн асуудлаар асуулт асуух төлөвтэй байгаа аж. АНУ-ын зарим албаныхан уг нийлүүлэлтийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байжээ.

АНУ-ын зарим эх сурвалжийн мэдээлснээр, Алис Хуанг Хятадын тагнуулын байгууллагад элссэн эсэхээс үл хамааран сөрөх тагнуулын ажиллагааны үүднээс эрсдэлтэй хүн байж болзошгүй аж.

Учир нь, Хятадын үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар, тус улсын иргэдээс тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагаанд оролцохыг шаардсан тохиолдолд тэд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байдаг байна.

Megaspeed компанийн худалдан авсан чипүүд Хятадын байгууллагуудад шилжсэн байж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа аж. Хэрэв ийм зүйл болсон бол АНУ-аас тогтоосон экспортын хязгаарлалтыг тойрч гарсан хэрэг болох юм байна.

Nvidia дахин нэг улиралд хүчтэй өсөлт үзүүлэв

Жэнсэн Хуанг компаниас явсан асуудлыг түр орхиод үзвэл, хиймэл оюун ухааны салбарт хэт их хөрөнгө оруулалт хийгдэж, компанийн үнэлгээ болон дэд бүтцийн зардал бодит өгөөжөөсөө давж байгаа тул AI-ийн зах зээл хөөс болж, хэзээ нэгэн цагт хагарах вий гэсэн болгоомжлол сүүлийн саруудад улам нэмэгдээд буй.

Уолл Стритийн үнэт цаасны зах зээлийг хянаж байсан, АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-ны дарга асан Гари Генслер энэ долоо хоногт CNN-д ярилцлага өгөхдөө хиймэл оюун ухааны зах зээлд үүсээд буй хөөс 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хагарч, улмаар эдийн засгийн уналт үүсгэх магадлалтай гэж үзэж байгаагаа хэлжээ.

Гэхдээ мягмар гарагт танилцуулсан Nvidia компанийн санхүүгийн тайлангаас харахад, тус компанийн өсөлт одоогоор Уолл Стритийн шинжээчдийн таамгаас давсан хэвээр байгаа аж. Тус компани улирлын байдлаар 115.8 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 103 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин цэвэр ашиг нь 65 тэрбум ам.доллароос давж, өмнөх оны мөн үеэс 105 хувиар нэмэгджээ.

Мөн Колетт Кресс компанийн дараагийн үеийн хиймэл оюун ухааны тооцооллын технологи болох Vera Rubin-д тавих эрэлт "маш эрчимтэй эхэлсэн" гэж мэдэгдсэн байна. Энэхүү технологийг Google, Microsoft болон Oracle зэрэг томоохон компаниуд хэдийнэ ашиглаж эхэлжээ.

Nvidia-ийн чипүүдийн эрэлт өндөр хэвээр буй бөгөөд хиймэл оюун ухаан болон үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн томоохон хэд хэдэн компани ирэх онд дангаараа нэг их наяд ам.доллароос давсан хөрөнгө оруулалтын зардал гаргах төлөвтэй байгаа аж.

Гэвч Хуанг огцорсны дараа хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйн бизнесийн тогтвортой байдалд илүү их анхаарал хандуулах болжээ.

A close-up view of Nvidia's Vera CPU Compute Tray is pictured during the Nvidia Product Showcase at Computex 2026 in Taipei on June 3, 2026.
Зураг: 2026 оны зургаадугаар сарын 3-нд Тайванийн Тайбэй хотод болсон Computex 2026 үзэсгэлэнгийн Nvidia бүтээгдэхүүний танилцуулгын үеэр Vera CPU Compute Tray төхөөрөмжийг үзүүлжээ. Гэрэл зураг: I-Hwa Cheng/AFP/Getty Images.

Энэхүү санхүүгийн тайлан АНУ-д болсон завсрын сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн үетэй давхацсан байна.

Сонгуулиар Ардчилсан нам томоохон амжилт үзүүлж, шинээр сонгогдсон олон удирдагч дата төвүүдийн бүтээн байгуулалтыг удаашруулах, эсвэл хязгаарлах байр суурийг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр илэрхийлж байжээ. Хэрэв ийм бодлого хэрэгжвэл Nvidia компанийн бизнест сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Судалгааны IDC байгууллагын шинжээчид өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа "Ойрын хугацаанд хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлт болон нийлүүлэлтийн ихэнх хэсэг аль хэдийн тодорхой болсон. Харин шинээр гарч ирж буй технологид хийх урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцоо зэрэг илүү төвөгтэй асуудлууд цаашид гол анхаарал татах болно" гэж бичжээ. Мөн эдгээр асуудлын төвд Жэнсэн Хуан байсан гэдгийг онцолсон байна.

Nvidia компани ирэх дөрөвдүгээр улирлын орлогоо ойролцоогоор 130 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж, энэ үзүүлэлт гурван хувийн хэлбэлзэлтэй байж болох аж. Энэ нь FactSet байгууллагын нэгтгэсэн мэдээллээр, Уолл Стритийн шинжээчдийн таамгаас өндөр үзүүлэлт юм байна.

Колетт Кресс ирэх жилийн өсөлтийн таамгаа өмнөхөөсөө ч нэмэгдүүлжээ. Түүний мэдэгдсэнээр, Nvidia компанийн 2028 оны санхүүгийн жилийн орлого 75 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Өмнөх улирлын санхүүгийн тайлангийн үеэр энэ үзүүлэлтийг 70 хувь байхаар тооцож байжээ.

Хятадын зах зээл дэх Nvidia-гийн ирээдүй тодорхойгүй хэвээр байна

АНУ-ын албаныхан компанитай холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулж эхэлсэнтэй холбоотойгоор Nvidia-гийн Хятад дахь бизнес, цаашлаад Азийн бусад зах зээл дэх үйл ажиллагааны ирээдүйн талаар чухал асуулт болсон хэвээр байна.

Өмнөх улиралд Nvidia-гийн H200 чипийг Хятад руу нийлүүлсэн борлуулалт тус компанийн үндсэн дата төвийн бизнесийн нийт борлуулалтын нэг хувьд ч хүрээгүй аж.

Гэвч Yorkville Ives & Co. компанийн түнш, ахлах захирал Дан Айвс Азийн орнуудаар дамжуулан экспортын хязгаарлалтыг тойрч гарах боломжит гарцуудыг тооцвол Хятад болон Хонконгийн зах зээл компанийн нийт орлогын ойролцоогоор 15 хувийг бүрдүүлж болзошгүй гэж тооцоолжээ.

АНУ-ын Худалдааны яам даваа гарагт Хятад улс гуравдагч орны дата төвүүдээр дамжуулан хиймэл оюун ухаанд ашиглагддаг, өндөр мэдрэмжтэй тооцоолох чипүүдэд нэвтрэхээс сэргийлэх зорилготой экспортын хязгаарлалтаа чангатгасан байна.

Nvidia компани гуравдугаар улиралд Хятадад экспортлох зөвшөөрөлтэй чипүүдийн борлуулалтаас 2.4 тэрбум ам.долларын орлого олсон боловч одоо ийм төрлийн нийлүүлэлтээ зогсоосон гэж Колетт Кресс мягмар гарагийн хурлын үеэр мэдэгджээ.

Кресс хөрөнгө оруулагчид, харилцагчид болон компанийн ажилтнуудад хандан урам зориг өгөх дараах үгээр мэдэгдлээ өндөрлүүлсэн байна. "Бид чадна. Бид энэ бүхнийг зохицуулж чадна!"

Эх сурвалж: CNN