Киевийн Эдийн засгийн сургуулийн Батлан хамгаалах хөтөлбөрийн тэргүүн, Украины Тэнгисийн явган цэргийн корпусын ахлагч асан Евгений Малик "Politico" хэвлэлд ярилцлага өгөхдөө "Украин энэ өвөл нутаг дэвсгэрийн болон хүний амь насны томоохон хохирол хүлээж болзошгүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр:"Манай талаас хүний амь насны хохирол нэмэгдэж, мөн нутаг дэвсгэрээ алдах нөхцөл байдал үүснэ" хэмээн ярьсан байна. Маликийн үзэж байгаагаар, барууны орнуудын санхүүжилт дутагдаж буйн шалтгаалан Киев энэ өвөл ийм хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулах ажээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москватай хэлэлцээ хийж, одоогийн нөхцөл байдлыг хэвээр нь царцаах хувилбарыг зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Украины газар нутгийн 75 буюу түүнээс дээш хувь нь Украины мэдэлд үлдэх боломжтой гэж үзжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 22-нд Зеленскийн нутаг дэвсгэрийн асуудлаар хэлсэн үгэнд тайлбар өгөхдөө эдгээр газар нутаг нь Украиных бус, харин түүхэн Оросын газар нутаг хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ-ын төрийн тэргүүн Москва улс түр зуурын гал зогсоох хэлэлцээр бус, харин урт хугацаанд тогтвортой үргэлжлэх зохицуулалтыг дэмжиж байгааг удаа дараа онцолж иржээ.
Түүний хэлснээр, ийм зохицуулалтад хүрэхийн тулд мөргөлдөөнийг үүсгэсэн үндсэн шалтгаануудыг арилгах шаардлагатай аж. Эдгээр шалтгаанд:
-
НАТО-гийн тэлэлтээс үүдэлтэй ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд учирч буй заналхийлэл;
-
Украинд орос хэлээр ярьдаг хүн амын эрхийг хязгаарлан, гадуурхаж байгаа асуудал зэргийг Москва багтааж үздэг байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI