Америкийн хөлбөмбөгийн NFL-ийн “Детройт Лайонс” багийн хамгаалагч Айдан Хатчинсон урд загалмайн холбоос (ACL)-ын урагдалт гэмтлийн улмаас энэ улирлыг дуустал талбайд гарах боломжгүй болсныг багийн ахлах дасгалжуулагч Дэн Кэмпбелл баталжээ.
Хатчинсон өнгөрсөн ням гарагт Германы Мюнхен хотод “Нью-Ингланд Пэтриотс” багийн холбон тоглогч Дрейк Мэйг довтолгооны үеэр унагаасныхаа дараа уламжлалт баяраа тэмдэглэн үсэрч буухдаа баруун өвдгөө гэмтээсэн байна.
Гэсэн хэдий ч дасгалжуулагч Дэн Кэмпбелл тоглогчдоо баяр тэмдэглэсэнд буруутгахгүйгээ илэрхийлж, амжилттай довтолгооны дараах баяр хөөрөө илэрхийлэх үйлдлийг хориглох бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр мягмар гарагт 97.1 The Ticket радиод ярилцлага өгөхдөө “Үгүй, би тэгж бодохгүй байна. Юу болсныг болсон явдал өөрөө харуулж байна. Бид найман настай хүүхдүүдийн тухай яриагүй шүү дээ” хэмээн хэлсэн байна.
Хатчинсон агаарт үсэрч, өөрийн нэрийн хуудас болсон баяраа тэмдэглэсний дараа газардах үед баруун өвдөг нь нугарч гэмтжээ. Энэ нь түүний карьер дахь улирлыг дуустал талбайгаас холдуулах хоёр дахь гэмтэл болж байгаа бөгөөд “Лайонс” багийн хамгаалалтад томоохон гарз учруулсан байна.
Кэмпбелл “Би үүнд үнэхээр харамсаж байна. Тэр өөрөө ч маш их харамсаж байгаа. Гэхдээ Хатчинсоны хийж чаддаг хөдөлгөөнүүд, үсрэлт, огцом эргэлт, нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалах зэрэг олон төрлийн хөдөлгөөнийг бодоход энэ удаагийнх зүгээр л санаандгүй тохиолдсон зүйл байлаа.
Бид юу болсныг ойлгож, цаашид ухаалаг байх хэрэгтэй. Гэхдээ одооноос хэн ч баяр тэмдэглэж болохгүй гэж би хэлэхгүй” хэмээн ярьжээ.
Хатчинсоны гэмтэл нь багийн хамгаалагч Жек Кэмпбелл хоёр долоо хоногийн өмнө хүзүүндээ гэмтэл авсны дараа тохиож буй бас нэг томоохон цохилт болж буй аж. Энэ нь Үндэсний хөлбөмбөгийн конференцийн (NFC) Хойд дивизионы өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед “Лайонс” багийн хувьд тун хүнд гарз юм.
Айдан Хатчинсон NFL-ийн шилдэг довтолгоо сааруулагч хамгаалагчдын нэгд тооцогддог. Тэрбээр энэ улиралд одоогоор 6 удаа өрсөлдөгчийн холбон тоглогчийг унагаасан үзүүлэлтээр лигийн 13 дугаар байрт бичигдэж буй юм байна.
Дэн Кэмпбелл “Жек Кэмпбеллийн нэгэн адил Хатчинсон бол гайхалтай тоглогч, багтаа асар их нөлөө үзүүлдэг тамирчин. Гэхдээ хамгийн чухал нь тэр бол үнэхээр сайн багийн анд, багийн ахлагчдын нэг. Энэ үнэхээр харамсалтай.
Тэр энэ улиралд гайхалтай тоглож, улам бүр сайжирч байсан. 2024 онд авсан гэмтлээсээ эргэн ирсний дараа ч ахиц дэвшлээ үргэлжлүүлж байлаа. Гэхдээ тэр үүнийг даван туулж, өмнөхөөсөө ч илүү хүчтэй эргэн ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэр угаасаа ийм зан чанартай хүн” хэмээн ярьжээ.
26 настай Хатчинсон 2022 оны NFL-ийн драфтаар хоёрдугаарт сонгогдож байв. Тэрбээр лигт өнгөрүүлсэн карьерынхаа хугацаанд улирлын 65 тоглолтод оролцож, нийт 49 удаа өрсөлдөгчийн холбон тоглогчийг унагаасан амжилттай юм.
Эх сурвалж: FIELD LEVEL MEDIA, REUTERS