АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах магадлал нэмэгдэж байгааг шинжээчид онцолжээ.

Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Унтай уулзах боломжтой гэсэн Кремлийн мэдэгдэл нөлөөлсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унтай дахин уулзах сонирхлоо өмнө нь удаа дараа илэрхийлсэн. Мягмар гарагт түүнээс хоёр удирдагч уулзах магадлалын талаар асуухад “Ким Жон Ун уулзахыг хүсэж байгаа байх. Юу болохыг харцгаая” хэмээн хариулжээ.

Өмнө нь хоёр удирдагчийн уулзалт болох тухай яригдаж байсан ч бодит ажил хэрэг болоогүй. Түүнчлэн АНУ болон БНСУ-ын албаныхан энэ онд Трамп, Ким нар уулзах магадлал бага гэж мэдэгдэж байв.

Гэвч ОХУ-ын “Интерфакс” агентлаг Кремлийн эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, "Хэрэв Ким Жон Ун энэ долоо хоногт болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шэньжэнь хотод хүрэлцэн ирвэл Путин түүнтэй уулзах боломжтой" гэжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Трамп, Ким нарын уулзалт болох магадлал нэмэгдсэн байна.

АНУ-ын Үндэсний тагнуулын албанд БНАСАУ-ын асуудал хариуцан ажиллаж байсан, өдгөө Стратеги, олон улсын судалгааны төвд ажиллаж буй Сидней Сайлер “Кремль Кимийг уулзалтад оролцох нь тодорхой гэдэгт итгэлтэй биш бол ийм мэдэгдэл хийхгүй байсан болов уу. Ямар нэгэн бэлтгэл ажил өрнөж байгаа гэдэгт би нэлээд итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Сүүлийн долоо хоногуудад БНАСАУ-ын өндөр албан тушаалтнууд ОХУ, БНХАУ-д дараалан айлчилж, мөн Орос, Хятадын төлөөлөгчид Пёньянд зочилсон нь дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй холбоотой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Түүнчлэн Ким Жон Ун өнгөрсөн сард БНХАУ-ын хилийн Даньдун хотод гэнэтийн айлчлал хийсэн билээ.

Хопкинс-Нанжингийн төвийн профессор Жон Делури “Сүүлийн үед анзаарагдахуйц жижиг дохио, шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Хэрэв Ким Шэньжэнь хотод очвол Дональд Трамптай уулзана” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

U.S. President Donald Trump and North Korean leader Kim Jong Un react at the Capella Hotel on Sentosa island in Singapore
Зураг: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурын Сентоза арал дахь Капелла зочид буудалд уулзах үеэр. Гэрэл зургийг: Reuters / Жонатан Эрнст / Архив

Трамп "Ким Жон Ун АПЕК-ийн уулзалтад оролцох эсэх нь эцсийн дүндээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс шалтгаална" гэж мэдэгдсэн байна. АПЕК-ийн нарийн бичгийн дарга нарын газар БНХАУ-аас ямар зочид оролцох талаар мэдээлэлгүй байгаа талаараа мэдэгджээ.

Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Ким Жон Уныг дээд хэмжээний уулзалтад урьсан эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэж хариулсан байна. БНАСАУ-ын Бээжин дэх Элчин сайдын яам энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

Пёньяны тавих шаардлага

Трампын Ким Жон Унтай дахин хэлэлцээ хийх сонирхол нь хоёр удирдагчийн сүүлчийн дээд хэмжээний уулзалтаас хойш долоон жилийн дараа дахин сэргэж буй хэрэг юм. Тэдний өмнөх уулзалт БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзах, үүний хариуд тавьсан хориг арга хэмжээг цуцлах асуудлаар тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн билээ.

БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг хэлэлцэх хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахгүй бол яриа хэлэлцээг сэргээхгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Харин Трамп БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн нэрлэж байсан ч бүс нутгийн холбоотнууд болон барууны орнууд тус улсыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар буй юм.

Сидней Сайлерын үзэж буйгаар, Трамп, Ким нарын уулзалт бодит үр дүн гаргахаас илүүтэй бэлгэдлийн шинж чанартай байх магадлалтай аж. Тэрбээр "Ийм уулзалт нь Ким Жон Ун БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх зорилгодоо нэг алхам ойртох боломж" гэж үзжээ.

Түүний хэлснээр, Ким Жон Ун эцсийн дүндээ дэлхий нийтэд БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж байгаа бол Трампын хувьд уулзалтын гол ач холбогдол нь хоёр удирдагчийн харилцааг дахин ойртуулах аж.

Зарим шинжээч уулзалт бодитоор хэрэгжих эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. БНХАУ Ким Жон Уныг Шэньжэнь хотод авчрах бэлтгэл хангаж буй тодорхой шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байгаа аж. Түүнчлэн Трамп өнгөрсөн онд БНСУ-д болох АПЕК-ийн уулзалтад явахын өмнө ч Кимтэй уулзах талаар ижил төстэй мэдэгдэл хийж байсан гэж нөхцөл байдлыг мэдэх эх сурвалж Reuters агентлагт ярьжээ.

БНСУ-ын Кённам их сургуулийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн профессор Ким Дон Ёпийн үзэж буйгаар, Ким Жон Унд ийм уулзалтад оролцох нь олж авах бодит ашиг тус багатай аж. Тэрбээр уулзалт зөвхөн хамтдаа авахуулсан гэрэл зургаар хязгаарлагдаж болзошгүйг онцолжээ.

U.S. President Donald Trump meets with North Korean leader Kim Jong Un in Hanoi
Caption

Мөн Пёньян "Хориг арга хэмжээг цуцлах санал тавьсан ч эдгээр хориг хэдийнэ үр нөлөөгөө алдсан" гэж үзэж байгаа нөхцөлд Ким Жон Ун яагаад тодорхойгүй байдалд өөрийгөө оруулах эрсдэл хүлээх ёстой гэж тэрбээр асуусан байна.

Профессор Ким Дон Ёп Кремлийн мэдэгдлийг АНУ, БНАСАУ-ын харилцаатай холбон тайлбарлахаас илүүтэй ОХУ Хойд Солонгост нөлөөтэй хэвээр байгаагаа харуулах гэсэн оролдлого байж болзошгүй гэж үзжээ.

Үүнтэй зэрэгцэн БНСУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тайлбар өгөхдөө Трамп, Ким нарын хэлэлцээ болох магадлал бага хэвээр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж.

Олон улсын уулзалтад оролцох нь ховор үзэгдэл

Ким Жон Ун хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Бээжин хотод болсон цэргийн парадад оролцохоор олон улсын хэмжээний арга хэмжээнд биечлэн хүрэлцэн ирсэн. Тус парадад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн оролцсон байна.

Профессор Жон Делури "Хэрэв Ким Жон Ун АПЕК-ийн уулзалтад оролцохоор шийдвэл 2018 онд Сингапурт болсон Трамптай хийсэн анхны дээд хэмжээний уулзалтын үеэр ашиглаж байсан шигээ “Air China” компанийн онгоцоор Шэньжэнь хотод хүрэлцэн ирэх магадлалтай" гэж таамаглажээ.

Трамп, Ким нарын уулзалт болох эсэхийг БНСУ болон Япон улс анхааралтай ажиглаж буй аж. Хоёр улсын удирдагч мөн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Трамп Ким Жон Уныг яриа хэлэлцээгээ сэргээхэд ятгаж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи 1970-1980-аад онд БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхийг удаа дараа эрмэлзэж ирсэн ч Пёньян Токиогийн саналыг хүлээн авахаас татгалзсаар байгаа аж.

Эх сурвалж: REUTERS