УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй юм. 

Тус хуулийн төсөлд 

  • 8.7.2.энэ хуулийн 8.5-д заасан гишүүний хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэлд энэ хуулийн 8.6-д заасан ирц, саналаа биечлэн өгсөн байдлын мэдээллийг үндэслэн Ёс зүйн дэд хороо дараах хариуцлага хүлээлгэнэ:
  • 8.7.2.а.30 хүртэл хоногоор хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах;
  • 8.7.2.б.уучлалт гуйхыг үүрэг болгох;
  • 8.7.2.в.албан тушаалын цалинг 20 хувиар 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;
  • 8.7.2.г.гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад энэ хуулийн 42.1-д заасан гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх гэж тусгасан байна. 

 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.ПҮРЭВДОРЖ: -УИХ-ын гишүүд иргэдийн санаа бодлыг төрд хүргэх ажлыг асуулт асуух, үг хэлэх байдлаар хийдэг. Гэтэл минутын хязгаарлалт тавьчихаад, үг хэлэх эрхэнд шууд халддаг. 

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах болохоор л миний эсрэг юм хийж байдаг. Зэрэг үг хэлж болохгүй, хашгирч болохгүй, бусдын нэр хүндэд халдвал шууд хориглоно гээд заасан байна. Ингэж хориглож болохгүй. Тодорхой үндэслэлтэй үгийг хэлэх л ёстой. 

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.БАТ-ЭРДЭНЭ: -Бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох асуудлууд чуулганы танхимд их гардаг. Б.Пүрэвдорж гишүүн өөрөө нэлээд хатуухан үгтэй. Энэ дээр эмзэг байх шиг байна. Ер нь Ёс зүйн дэд хороогоор асуудлаа шийдье л гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН: -Хуулийн төслийн наймдугаар зүйлд гишүүний бүрэн эрх гэдэг заалт байна. Бүрэн эрхээс гадна, ёс зүйг зохицуулах асуудлыг чихэж оруулжээ. Энэ нь хуулийн төслийн уншихад төвөгтэй болгосон байна.

Дараагийн асуулт нь УИХ-ын бусдын нэр хүндэд халдсан бол зөвхөн Иргэний шүүхэд гомдол гаргана гэсэн байна. Яагаад заавал Иргэний шүүх гэж оруулсан бэ. Мөн УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг 30 хоногоор хязгаарлана гэсэн байна. Үндсэн хуулийн зөрчил болохгүй юу? 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: -Бид хуралдаандаа суудаг байх, ирцэндээ орчихоод, хуралдаан хаядаггүй байх зэрэг хариуцлагаа сайжруулъя гэж ярьсан. Ёс зүйн дэд хороог хүчтэй болгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ бол гишүүдээс орж ирсэн санал. Санал учраас хэлэлцээд, ярилцах боломжтой. Нөгөө талаас гишүүний үг хэлэх бүрэн эрхийг хасаж болохгүй. Цаашдаа ажлын хэсэг гараад, хэлэлцээд сайжруулах боломжтой.   

УИХ-ын гишүүн Г.ОЧИРБАТ: -УИХ, Дэг, Хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг багцалж оруулдаг ирдэг нь ямар учиртай вэ. Заавал яарсан байдлаар оруулсан нь ямар учиртай вэ? 

УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ:  -УИХ, Дэг, Хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг салгаж хэлэлцэх ямар боломжгүй. Нэг нь нөгөөгөөсөө уялдаатай хуулиуд учраас хамт өргөн мэдүүлсэн. Н.Учрал даргын үед ажлын хэсэг гаргаж, хуулийн төслүүдийг бэлдсэн. Би УИХ-ын дарга болоод гишүүд, тамгын газрын ажилтнуудаас нэг бүрчлэн санал авсан.  

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА: -Уг нь энэ хуулийн төслийг бүлгүүдэд танилцуулж байж оруулж ирэх байжээ. Гишүүдийг хэдэн удаа асуулт асууж, үг хэлсэн, хэдэн хуулийн төсөл санаачилсан зэргээр үнэлж, хэмжих юм байна.

Парламент мэтгэлцээний талбар байх ёстой ч уралдаж, олон удаа үг хэлдэг популизм руу түлхэх вий. Ёс зүйн дэд хороонд маш их эрх мэдэл өгчээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хэрхэн уялдуулах вэ. Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд маш том агуулга байгаа. Сөрөг байгаа гишүүдийг шийтгэх том арга хэрэгсэл болчих вий. 

УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: -УИХ-ын гишүүн гурван үндсэн чиг үүрэгтэй. Ард түмний төлөөлөх, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хууль тогтоох эрхээ эдлээд байдаг мөртлөө хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг орхигдоод байсан. Одоо хяналт тавих чиг үүргийг нэмэгдүүлж өгч байгаа.

Гишүүдийг олон сонгогдсон бус идэвх оролцоогоор нь үнэлж, дүгнэдэг байя гэдэг зохицуулалт оруулж ирж байгаа. Хэлбэр биш агуулга руу оруулах чанарын өөрчлөлт хийхээр зорьж байна. Ерөнхийлөгчийн хуулийг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлтэй уялдуулаад явна.