Европын Холбоо (ЕХ) ОХУ-ын эсрэг авах ээлжит хориг арга хэмжээний хүрээнд банкны салбар, крипто хөрөнгө болон “сүүдрийн флот”-д хамаарах хөлөг онгоцуудад чиглэсэн шинэ хязгаарлалт тогтоохоор бэлтгэж байна. ЕХ-ны ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний 22 дахь багцыг ирэх арванхоёрдугаар сард эцэслэн батлахаар төлөвлөж буй талаар Politico хэвлэл мэдээлжээ.
Брюсселиэс “сүүдрийн флот” хэмээн нэрлэж буй нь ЕХ-ноос ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг мөрдүүлэх оролдлогыг үл харгалзан, дэлхийн аль ч улсын далбаан дор үйл ажиллагаа явуулж, Оросын газрын тосыг зах зээлийн гэрээний дагуу тээвэрлэдэг танкер хөлөг онгоцуудыг хэлж байгаа аж.
Politico-гийн мэдээлснээр, хориг арга хэмжээний шинэ багц нь Европын орнууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх хязгаарлалтын хүрээ, улс төрийн хувьд зөвшилцөлд хүрч чадах боломжийн хязгаарыг харуулж буй юм байна.
Тухайлбал, Оросын хөлөг онгоцуудад далайн тээврийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох саналыг боловсруулсан боловч Грек, Мальта, Кипр улсын хүчтэй эсэргүүцлийн улмаас уг зохицуулалтыг шинэ багцад оруулахгүй байхаар болжээ. Мөн Ирландын байр сууринаас шалтгаалан хөнгөн цагааны үйлдвэрлэлд ашигладаг хөнгөн цагааны исэл буюу глиноземыг хориг арга хэмжээнд хамруулахгүй байхаар болсон байна.
Өмнө нь Ирландын дотоод улс төрд тус улсын үйлдвэрлэсэн их хэмжээний глинозем ОХУ-д нийлүүлэгдэж байгаа талаарх мэдээлэлтэй холбоотой томоохон дуулиан дэгдсэн. Гэхдээ уг түүхий эдийн худалдаанд одоогоор ямар нэгэн хориг, хязгаарлалт үйлчилдэггүй аж.
ЕХ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа ч гишүүн орнуудын эдийн засгийн ашиг сонирхол, улс төрийн байр суурийн зөрүүгээс шалтгаалан зарим санал шинэ багцад багтахгүй үлдэх бололтой.
ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний 22 дахь багцыг арванхоёрдугаар сард эцэслэн батлах эсэх нь ЕХ-ны гишүүн орнуудын цаашдын хэлэлцээ, зөвшилцлөөс хамаарах юм байна.
Эх сурвалж: TASS