Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус улсын цэргийн алба хаагчид хэдэн сарын турш Украинд ажиллаж буй бөгөөд Украины цэргийн алба хаагчдыг сургах, мөн Парис хотоос Киевт нийлүүлсэн цэргийн техник, зэвсэглэлийн засвар үйлчилгээ хийх үүрэг гүйцэтгэж байгаа аж.
RFI радиогийн арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, Францын цэргийн энэхүү ажиллагаа нь “Воля” нэртэй бөгөөд 2026 оны зунаас хэрэгжиж эхэлсэн байна. Тус ажиллагааг Францын генерал удирдаж байгаа бөгөөд зохион байгуулалтын хувьд “хөнгөн, уян хатан бүтэцтэй” байгаа аж.
RFI-ийн мэдээлэлд дурдсанаар, “Воля” ажиллагаа нь байлдааны ажиллагаанд оролцох зорилгогүй. Харин Украины цэргүүдийг сургах, цэргийн техникийн засвар үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж буй юм байна.
Энэ талаар эх сурвалжууд “Ийм олон төрлийн цэргийн техникийг засварлаж, хэвийн ажиллагааг нь хангахын тулд өндөр түвшний мэргэжлийн туршлага шаардлагатай. Украин улс дайны байдалд байгаа учраас уг ажлыг энгийн иргэний мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлэх хувилбарыг авч үзээгүй” хэмээн мэдээлжээ.
Тодруулбал, Францын цэргийн алба хаагчид Caesar загварын өөрөө явагч их бууны систем, Mirage 2000 сөнөөгч онгоц болон өндөр нарийвчлалтай пуужин зэрэг орчин үеийн цэргийн техник, зэвсэглэлийн засвар үйлчилгээнд оролцож байгаа аж.
RFI-ийн мэдээлснээр, Украинд хэрэгжиж буй Францын энэхүү ажиллагаа нь 2023 оноос Польш улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Украины цэргүүдийг сургах зорилготой цэргийн сургалтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулагджээ. ОХУ-ын өргөн хүрээний довтолгоо эхэлснээс хойш нийт 25 мянга орчим украин цэрэг Франц болон Польш улсад цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.
AFP: Францын цэргүүд Украинд байлдааны ажиллагаанд оролцохгүй
Францын цэргийн алба хаагчид Украинд байгаа талаарх мэдээллийг Agence France-Presse (AFP) агентлагийн эх сурвалжууд мөн баталжээ. Тэдний мэдээлснээр, “Францын сургагч багш нар Франц, Польш болон зарим тохиолдолд Украинд ээлжлэн ажиллаж байгаа нь бодит байдал юм” гэжээ. Гэхдээ эдгээр алба хаагчид байлдааны үүрэг гүйцэтгэхгүй байгааг эх сурвалжууд онцолсон байна.
Одоогоор Францын Зэвсэгт хүчний Жанжин штаб дээрх мэдээлэлд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа аж. Өнөөг хүртэл Барууны орнуудын аль нь ч өөрийн цэргийн алба хаагчид болон тусгай хүчний бүрэлдэхүүнийг Украинд байрлуулснаа албан ёсоор баталж байгаагүй билээ. Харин Кремль "Барууны орнуудын цэргийн хүчнийг Украины нутаг дэвсгэрт байрлуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн мэдэгдсээр ирсэн. Гэвч ОХУ өөрөө Умард Солонгосын цэргүүдийг өргөн хүрээнд ашиглаж байгаа билээ.
Франц улс Украины цэргийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна
Өмнө нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд Францын пуужингийн технологийг ашиглан үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрөл олгоно гэж мэдэгдэж байв. Түүнчлэн Франц улс Украины нисгэгчдийг өөрийн Rafale загварын сөнөөгч онгоцыг жолоодож сургах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Энэ нь 2028-2029 онд Украинд нийт 16 ширхэг Rafale сөнөөгч онгоц нийлүүлж болзошгүй байгаатай холбоотой юм.
Франц улс Украинд ийн цэргийн техник, зэвсэг нийлүүлэхээс гадна цэргийн боловсон хүчнийг сургах, нийлүүлсэн зэвсэг техникийн засвар үйлчилгээг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж буй талаар Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Эх сурвалж: DW