НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал /COP31/ БНТУ-ын Анталья хотноо үргэлжилж байна.

Энэ хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Цэвэр агаарын төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт Сайд нарын түвшний арга хэмжээ болж улс орнууд агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийг харилцан уялдаатайгаар шийдвэрлэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

May be an image of one or more people and text

Тэрбээр хэлсэн үгэндээ агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.

Мөн агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, 2025 онд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн гурав дахь үе шатны зорилт (NDC 3.0)-оо шинэчлэн тодорхойлсон талаар дурдсан байна.

Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар, олон улсын дэмжлэгтэйгээр 52.8 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан.

Мөн Улаанбаатар хотод 2019 оноос түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжсэн, цаашид цахилгаан болон хийн халаалт, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тодотгожээ.

May be an image of one or more people, dais and text

COP31-ийн хүрээнд агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал нь зөвхөн байгаль орчны бодлогоор хязгаарлагдахгүй, эрүүл мэнд, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, санхүүжилттэй нягт уялдаж буй.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд богино хугацаанд хүчтэй нөлөөлдөг метан, хар нүүрстөрөгч, тропосферийн озон болон бусад супер бохирдуулагчийн ялгарлыг бууруулах асуудал олон улсын анхаарлын төвд байгаа билээ.

Эдгээр бохирдуулагчийг бууруулах нь агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд сааруулах ач холбогдолтой.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр COP31-ийн хүрээнд метан хийн ялгарлыг бууруулах, хүнсний хаягдлыг багасгах, цэвэр технологи нэвтрүүлэх, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улс орнууд болон олон улсын байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буй юм байна.

Тухайлбал, Бразил, Ирланд, Индонез зэрэг улсууд хүнсний хаягдал, органик хог хаягдлаас үүдсэн метан хийн ялгарлыг бууруулах үндэсний бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлагаа танилцуулжээ.

May be an image of one or more people, people studying, dais, newsroom and text

Тус хэлэлцүүлгээр цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад шаардлагатай санхүүжилт, технологийн дэмжлэг авах зэрэг асуудал нь хөгжиж буй орнуудын анхаарлыг татсан байна.

Ялангуяа нүүрс болон бусад уламжлалт түлшнээс хамааралтай эдийн засагтай орнуудын хувьд эрчим хүчний шилжилтийг үе шаттай хэрэгжүүлэх, иргэдийн амьжиргаанд санхүүгийн нэмэлт дарамт учруулахгүй байх, ажлын байр болон эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах асуудалтай шууд уялдаж буй юм.

Энэ хүрээнд сайд Ц.Сандаг-Очир цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд ногоон технологи, цэвэр халаалтын шийдлийг нэвтрүүлэхэд олон улсын санхүүжилт, технологи, хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ иргэдийн амьжиргаанд нэмэлт дарамт үүсгэхгүй байх шаардлагатайг онцолжээ.

Э.ЦЭЦЭН