Европын Холбоо (ЕХ)-ны хэлэлцээний багийн бүрэлдэхүүнд багтсан Герман, Франц, Их Британи, Итали, Польшийн төлөөлөгчид, мөн Европын Комисс, Европын Зөвлөл болон НАТО-гийн төлөөлөгчид Украины эрх баригчид болон АНУ-ын хооронд өрнөсөн Украины дайныг энхийн замаар зохицуулах асуудлаарх хэлэлцүүлэгт анх удаа нэгдсэн багийн хувиар оролцжээ.

Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт ард иргэддээ хандаж хийсэн видео мэдэгдэлдээ дурдсан байна. Зеленский болсон уулзалтыг Украин, Америк, Европын хэлэлцээний багуудын ажлын түвшний уулзалт, хэлэлцүүлэг хэмээн тодорхойлжээ.

Тэрбээр “Дипломат хүчин чармайлт идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд эдгээр оролдлого үр дүнгүй өнгөрөхгүй гэдэгт найдаж байна. Манай баг аль болох бүтээлч байр сууринаас ажиллаж байна. Бид дайныг нэр төртэйгээр дуусгаж, Украины аюулгүй байдлыг найдвартай баталгаажуулах шаардлагатай” гэж мэдэгджээ.

АНУ-ын талаас Стив Уиткофф, Жаред Кушнер нар хэлэлцээнд оролцжээ. Уулзалт цахим хэлбэрээр болсон бөгөөд талуудын биечлэн хийх уулзалт арваннэгдүгээр сарын 19-нд Берлин хотод болох “Хүсэл зоригийн эвсэл”-ийн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Зеленскийн хэлснээр, цахим хэлэлцүүлэг амаргүй байсан ч Берлинд болох уулзалтаар оролцогч орнууд хэлэлцээний үйл явцад хэрэгжүүлэх тодорхой, хамтарсан алхмуудыг боловсруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Үүнээс хэд хоногийн өмнө Европын Холбооны удирдагчид Украины дайныг зогсоох ирээдүйн хэлэлцээнд Европыг төлөөлөх бүрэлдэхүүнийг тохиролцсон байна. Тус хэлэлцээний багт Европын Холбооны гол институцийн удирдлагууд болон Европын таван улсын төлөөлөл багтжээ.

Жаред Кушнер: Европ, Орос хоёр шууд харилцах боломжтой байх нь чухал

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлэлцээний төлөөлөгчдийн нэгээр томилогдсон хүргэн Жаред Кушнер гурван талын хэлэлцүүлэг болсныг баталжээ. Түүний мэдээлснээр, цахим зөвлөлдөх уулзалтад Европын орнуудыг үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхүүд нь төлөөлөн оролцсон байна.

Мөн Кушнер тухайн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаковтой ярилцсан талаар мэдэгджээ. Гэхдээ энэ яриа Украин, Европын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцүүлгийн өмнө, эсвэл дараа нь болсон эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна.

Тэрбээр нийгмийн сүлжээний X платформд нийтлэхдээ “Европ, Орос хоёрын хооронд шууд яриа хэлэлцээ, харилцаа холбоог сэргээх боломжийн талаар бид ярилцсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бараг байгаагүй энэ харилцааг сэргээх нь чухал юм. Европын ирээдүйг илүү тогтвортой, аюулгүй болгохын төлөө хоёр тал бие биеийнхээ болгоомжлол, санал санаачилгыг шууд сонсох боломжтой байх хэрэгтэй” гэжээ.

Кушнерийн хэлснээр, энхийн хэлэлцээний хүрээнд үндсэн гурван асуудлыг хэлэлцэж буй юм байна. Үүнд:

- Украины аюулгүй байдлыг найдвартай баталгаажуулах;
- Украиныг Европын Холбоонд элсүүлэх үйл явц;
- Дайн дууссаны дараах Украины сэргээн босголт зэрэг багтаж байгаа аж.

Тэрбээр цааш нь “Олон нийтийн анхаарал ихэвчлэн талуудын санал зөрөлдөөнд төвлөрдөг ч олны нүднээс далд өрнөж буй нухацтай хэлэлцүүлгүүдийн үеэр эерэг, бүтээлч санаанууд гарсаар байна” хэмээн онцолжээ.

Москва: Европыг хэлэлцээнд оролцуулах асуудлыг бидэнтэй зөвшилцөөгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков арваннэгдүгээр сарын 16-нд хийсэн мэдэгдэлдээ Европын төлөөлөгчдийг одоогоор хэлэлцээний үйл явцын оролцогч гэж Оросын тал үзэхгүй байгааг илэрхийлжээ.

Тэрбээр Кремльд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хэлэлцээний форматыг өргөжүүлэх тухай зарим хүн ярьж байна. Гэхдээ энэ асуудлыг бидэнтэй зөвшилцөөгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Ушаков "Европын орнуудын хэлэлцээнд оролцох асуудлыг зөвхөн 'Европчууд яг юу хүсэж байгаа, ямар бүтээлч, бодитой санал дэвшүүлж чадах талаарх тодорхой дохио' Оросын талд ирсний дараа л хөндөх боломжтой" гэж онцолжээ.

Түүний үзэж буйгаар, үүнээс өмнө АНУ, Украин, ОХУ-ын хооронд гурван талт хэлэлцээ дахин хэд хэдэн удаа зохион байгуулагдаж магадгүй аж.

Арваннэгдүгээр сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа АНУ-ын төлөөлөгчид Стив Уиткофф, Жаред Кушнер нар Европын орнуудыг хэлэлцээнд оролцуулахыг Москва эсэргүүцэхгүй байгаа талаар мэдэгджээ.

Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч “Европтой яриа хэлэлцээ хийхийг би хэзээ ч эсэргүүцэж байгаагүй” хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: DW