Хятадын Шэньжэнь хотноо арваннэгдүгээр сарын 19-нд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд түүхэн уулзалт болох гэж байна.
Өмнө нь үүнтэй дүйцэхүйц уулзалт болж байгаагүй юм. АНУ, Хятад, Оросын удирдагчид болох Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нар нэг ширээний ард сууна.
Дэлхий нийт энэ уулзалтыг анхааралтай ажиглах бөгөөд хэлэлцээний үеэрх телевизийн дүрс бичлэгүүд 2026 оны дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын тоймд гарцаагүй багтах биз ээ.
Шэньжэний дээд хэмжээний уулзалтаар шинэ Ялта бий болох уу?
Гурван улсын удирдагч XXI зуунд дэлхийг дахин хуваах асуудлыг хэлэлцэх болов уу? Энэ уулзалт нэг ёсондоо “Ялтын бага хурал 2.0” болж хувирах уу?
1945 оны хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Ялтад уулзаж, Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгах асуудал болон Зүүн Европын шинэ хилийн зохицуулалтын талаар хэлэлцжээ. Тухайн үеийн тохиролцоонууд ЗХУ-ын бүс нутаг дахь нөлөөг хэдэн арван жилээр баталгаажуулсан билээ.
Ийм болгоомжлол ялангуяа Европт хүчтэй байгаа аж. Албан ёсны мэдэгдлээр, Трамп, Ши, Путин нар цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буй юм байна. Мөн АНУ, Ираны хоорондох дайн болон дэлхийн худалдааны асуудлыг хөндөж магадгүй нь. Харин Украины асуудал, цаашлаад дэлхийн шинэ дэг журмын тухай яриа хэлэлцэх төлөвлөгөөнд албан ёсоор багтаагүй байна. Үнэхээр тийм гэж үү?
Вашингтонд Латин Америк, Бээжинд Тайванийг багтаасан Ази, Москвад Зөвлөлт Холбоот Улсын дараах орон зай, цаашлаад Европыг хүртэл нөлөөллийн бүс болгон хуваарилах тохиролцоо хийгдэх үү? Өнөөгийн тогтворгүй, түгшүүртэй цаг үед юу ч боломжгүй гэж хэлэхэд бэрх болжээ.
Мэдээж хэрэг, дээд хэмжээний уулзалтын дараах албан ёсны мэдэгдэлд ийм асуудлын талаар нэг ч үг дурдагдахгүй. Гэхдээ өнөөгийн “их гурвын” ашиг сонирхол, амбиц нь 1945 оны Ялтын бага хурлын оролцогчдынхоос эрс ялгаатай.
Хамгийн өргөн хүрээтэй амбицтай нь Ши Жиньпин. Хятад улс дэлхийн хамгийн том эдийн засаг болохыг зорьж буй. Харин Трамп “MAGA” буюу “Америкийг дахин агуу болгоё” хэмээх улс төрийн төслөө авч үлдэхийг хүсэж буй бөгөөд үүний төлөө бусад их гүрэнтэй тохиролцоо хийхэд бэлэн.
Путин эдийн засгийн чадавхаараа энэ хоёр удирдагчтай өрсөлдөх боломжгүй ч Оросыг дэлхийн стратегийн асуудлыг тодорхойлдог орнуудын нэг хэвээр байлгахыг эрмэлзэж байна.
Хятад, АНУ, Оросын дээд хэмжээний уулзалт: Холбогдох талуудын оролцоогүй хэлэлцээ
Шэньжэний уулзалт Украины дайныг дуусгах боломжийн талаарх дахин идэвхжсэн хэлэлцээнд шууд нөлөө үзүүлэхгүй бололтой. Харин сүүлийн хэдэн долоо хоногт энхийн үйл явц тодорхой хэмжээнд урагшилжээ.
АНУ-ын хэлэлцээ хариуцсан төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар дипломат ажиллагаанд дахин идэвхтэй оролцож, Москва, Киев хоёр ч хоорондоо яриа хэлэлцээ хийж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Абу Дабид болсон уулзалтын дараа дараагийн шатны харилцаа холбоо үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Дональд Трамп Владимир Путины талд дахин буулт хийхэд бэлэн байгаа бололтой. Албан ёсны мэдэгдлүүдэд дайны дараах зохицуулалт нь зөвхөн Украины төдийгүй Оросын аюулгүй байдлын баталгааг тусгах ёстой гэсэн санаа гэнэт цухалзаж эхэлжээ.
Үүнээс гадна Трамп эдийн засгийн тохиролцоо хийх боломжийг ч үгүйсгэхгүй байгаа бөгөөд энэ нь Москвад дэлхийн зах зээлд эргэн нэвтрэх замыг нээж болзошгүй аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Оросын төрийн тэргүүнийг арванхоёрдугаар сард Майамид болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ.
Энэ бүхэнд Европын холбоо илт дургүйцэж байгаа аж. ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц болон Европын холбоотнууд нь Оросын эсрэг хориг арга хэмжээг цаашид чангатгах бодлого баримталсаар буй.
Тэд дайны өртөг, хохирлыг Москвагийн хувьд ашиггүй хэмжээнд хүргэж, улмаар үргэлжлүүлэх нь ашиг тус гэхээсээ илүү их зардалтай болох нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа аж. Гэвч үүний үр дүнд Европын холбоо санаачилгыг гэнэт алджээ.
Дайн тулаан “шударга энх тайван”-ы гэрээгээр төгсөх нь ховор. Түүхэн туршлагаас харахад, эцсийн дүндээ дайны төгсгөлийг талуудын бодит чадавх, өөрөөр хэлбэл мөргөлдөөнд оролцогчдын хүчний харьцаа тодорхойлдог.
Абу Дабид болсон хэлэлцээ Европын холбооны оролцоогүйгээр явагдсанд европчууд дургүйцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь өнөөгийн улс төрийн бодит байдлыг ч харуулж буй.
Сүүлийн жилүүдэд Европын холбоо Украины дайн түрэмгийлэгч талд буулт хийсэн нөхцөлөөр ямар ч тохиолдолд дуусах ёсгүй гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн. Гэвч хориг арга хэмжээний бодлогыг нөхөхүйц, бодит үр дүнд хүргэж чадах дипломат санаачилга одоог хүртэл гаргаж чадаагүй байгаа юм.
Одоо ч Брюссель Украины асуудлаарх ирээдүйн хэлэлцээнд оролцох боломжийг олж авсан хэдий ч зохих бүрэн эрх бүхий төлөөлөгчөө нэрлэхэд бэрхшээлтэй хэвээр буй аж. Европын холбооныхон хамтын шийдвэр гаргах “Е5” хэлбэрийн оронд Финландын Ерөнхийлөгч Александр Стуббыг цорын ганц төлөөлөгчөөр томилох нь тийм ч хэцүү хэрэг байсан гэж үү?
Дональд Трамп Оросын ашиг сонирхлыг харгалзан үзсэн зуучлагчийн дүрд маш сайн шилжиж байгаа нь Европын холбооны нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлж буй аж.
Оросын хуучин шаардлага ба шинэ бодит байдал
Москва хүч түрэмгийлсэн байр сууринаас энх тайвны нөхцөл тулгахыг зорьж буй хүрээнд Киев Донбассын бүх нутаг дэвсгэрээс татгалзах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Түүнчлэн Орос улс 2021 оны арванхоёрдугаар сард дэвшүүлж байсан шаардлагуудаа дахин хэлэлцээний ширээнд авчирчээ. Тухайн үед Барууны орнууд эдгээр шаардлагыг үл тоомсорлон няцааж байв.
Тэдгээр шаардлагын нэг нь НАТО-гийн цэрэг-стратегийн байрлалыг 1997 оны түвшинд буцаах явдал. Өөрөөр хэлбэл, НАТО зүүн тийш тэлж эхлэхээс өмнөх үеийн цэрэг-стратегийн зохион байгуулалтад эргэн очихыг Москва хүсэж буй.
Үүнээс гадна Орос улс Зөвлөлт Холбоот Улсын дараах орон зай болон Зүүн Европт ноёрхлын шинжтэй нөлөөгөө сэргээхийг зорьж байгаа аж. Владимир Путин энэ зорилгоо хэзээ ч онцгойлон нуугаагүй билээ.
Хэрэв АНУ урт хугацаанд өөр байр суурь баримталж, Путин 2021 оны арванхоёрдугаар сард дэвшүүлсэн шаардлагуудаа хэлэлцүүлэх боломжтой болвол Европын холбоо Украины дайны талаарх өнөөгийн бодлогоо хадгалж чадах болов уу?
Канцлер Мерц “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзах боломжийг үгүйсгээгүй. Мэдээж хэрэг, тэрбээр Путины нөхцөлийг хүлээн авах гэж буй хэрэг биш.
Гэхдээ Оросын Ерөнхийлөгч Трамп, Ши Жиньпин нартай нэг тайзан дээр гарч, дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт оролцох боломжтой болж байгаа энэ үед Европын холбоо яриа хэлэлцээнд нээлттэйгээ харуулах нь чухал. Эс тэгвээс олон улсын үйл явцад оролцох байр сууриа бүрмөсөн алдаж, алдсан санаачилгаа эргүүлэн авах боломжгүй болж мэднэ.
Гурван улсын удирдагчдын Шэньжэнь хотод хийх түүхэн уулзалтаар дэлхийг шинээр хуваах тухай шийдвэр гарахгүй. Гэсэн ч энэ дээд хэмжээний уулзалт нь зүгээр нэг амжилттай пиар арга хэмжээ төдий зүйл биш юм.
Уулзалтын цаад санаа хэдийнэ тодорхой болжээ. Уулзалтын үеэр авах гэрэл зургууд дэлхий даяар тархах нь өөрөө Хятад, Орос, АНУ-ын удирдагчид дэлхийн хэмжээний асуудлыг нэг ширээний ард сууж хэлэлцэх боломжтойг харуулах болох нь.
Эх сурвалж: DW