Цагаан ордон арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Шэньжэнь хотноо ОХУ, БНХАУ, АНУ-ын удирдагчид болох Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нарын гурван талт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа баталжээ.
Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр нийтэлсэн ажлын хуваарьт тусгасан байна.
Уг хуваариас үзвэл, гурван улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Шэньжэнь хотын Kylin Villa зочид буудлын цогцолборт болох бөгөөд хэлэлцээ Москвагийн цагаар 09:30 цагт эхлэхээр төлөвлөгджээ.
Харин Цагаан ордноос удахгүй болох энэхүү уулзалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
ТРАМП ЭХЛЭЭД ШИ ЖИНЬПИНТЭЙ ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙНЭ
АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт дурдсанаар, Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хийх гурван талт уулзалтын өмнө Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АТЭС) хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцох аж.
Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт, хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Харин ОХУ, БНХАУ, АНУ-ын удирдагчдын гурван талт уулзалт нь Америкийн төрийн тэргүүний Филиппин болон БНХАУ-д хийх, АТЭС болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны дээд түвшний арга хэмжээнд оролцох дөрвөн өдрийн айлчлалын төгсгөлийн гол үйл явдал болох юм байна.
ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙХ ТОХИРОЛЦООНД ХҮРСНЭЭ ӨМНӨ НЬ МЭДЭЭЛЖ БАЙВ
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт мэдээлэл өгөхдөө, арваннэгдүгээр сарын 19-ний өдөр АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нарын гурван талт уулзалтыг зохион байгуулах тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдсэн.
Үүний дараа арваннэгдүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам мөн Ши Жиньпин арваннэгдүгээр сарын 19-нд Владимир Путин, Дональд Трамп нартай гурван талт уулзалт хийхийг албан ёсоор баталжээ.
Ийнхүү ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болох тов, байршил болон эхлэх цаг АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын хуваариар тодорхой болж байна.
Эх сурвалж: TASS