Израилийн тагнуулын байгууллага "Моссад" Иран улс нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдах ажиллагаа төлөвлөж байгаа тухай мэдээллийг Америкийн талд дамжуулжээ.

Энэ талаар Израилийн Israel Hayom сонин арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагт Израиль болон АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүсээс эш татан мэдээлсэн байна.

Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Израилийн талын тагнуулын мэдээллийг барууны өөр нэг улсын тусгай алба мөн баталгаажуулжээ. Israel Hayom-ийн бичсэнээр, уг сэрэмжлүүлгийг хүлээн авсны дараа АНУ-ын эрх баригчид төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна.

Сонины эх сурвалжуудын хэлснээр, Америкийн тагнуулын байгууллагууд Иранаас үүдэлтэй ийм төрлийн аюул заналхийллийн талаар өмнө нь мэдээлэлтэй байсан бөгөөд уг мэдээллийг нягтлан шалгах хүсэлтийг Израилийн талд тавьжээ. Үүний хариуд "Моссад" тагнуулын мэдээллийг баталгаажуулсан байна.

Мэдээлэл нийтлэгдэх үед Цагаан ордон, Тагнуулын төв газар (ТТГ) болон АНУ-ын бусад албан ёсны байгууллагаас уг мэдээллийг бие даан баталгаажуулсан мэдэгдэл хийгээгүй байсан аж.

Өмнө нь хэвлэл мэдээллийн агентлагууд АНУ-д айлчилж буй "Моссад"-ын захирал Роман Гофман арваннэгдүгээр сарын 13-нд ТТГ-ын захирал Жон Рэтклифф зэрэг Америкийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан талаар мэдээлжээ.

Трампын эсрэг халдлага төлөвлөж буй тухай анхны сэрэмжлүүлэг биш

Israel Hayom-ийн эш татсан албаны хүмүүсийн мэдээлснээр, Иран улс АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчдөд халдах санаархалтай байгаа тухай тагнуулын мэдээлэл нь Трампыг Тегерантай хийх хэлэлцээний талаарх байр сууриа өөрчлөхөд хүргэсэн байна.

2026 оны долдугаар сард мөн Израиль улс Трампын амь насанд халдах зорилготой хуйвалдааны талаар АНУ-д мэдээлэл дамжуулсан тухай хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байв.

Гэвч тухайн үед CNN телевизийн эх сурвалжуудын мэдээлснээр, Израилийн сэрэмжлүүлгийг хүлээн авахаас өмнө Америкийн тусгай албад ийм төлөвлөгөөний талаар мэдээлэлгүй байсан бөгөөд Израилийн талын өгсөн мэдээллийг бие даан баталгаажуулсан баримт ч байгаагүй аж.

Түүнчлэн The Wall Street Journal сонин Израиль улс Иран болон түүнтэй холбоотой террорист бүлэглэлүүдээс ийм халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай анхааруулгыг 2025 онд ч АНУ-д хэд хэдэн удаа хүргүүлж байсан гэж бичжээ.

Эх сурвалж: DW