Axios цахим хуудас Украины албан тушаалтны мэдээлэлд тулгуурлан, Украины нутаг дэвсгэр дэх Starshield холбооны системийн ажиллагаанд гарсан доголдол нь Украины Зэвсэгт хүчний бүх ажиллагаанд саад учруулсан тухай мэдээлжээ.
Украины албан тушаалтан "Хязгаарлалт эхэлсэн эхний өдөр цэргийн даалгаврын 10 хувь, хоёр дахь өдөр 50 хувь нь өртсөн бол өнөөдөр хязгаарлалтын улмаас бүх ажиллагаа буюу 100 хувь нь тасалдсан" гэж хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр буюу пүрэв гарагт Starlink-ийн цэргийн зориулалттай хувилбар Украины нутаг дэвсгэрт хэд хоногийн турш доголдолтой ажиллаж байгаа талаар мэдэгджээ. Харин SpaceX компани системийн ажиллагаанд дахин хязгаарлалт тавьсан гэх буруутгалыг няцаасан байна.

Аравдугаар сарын дундуур Киевийн эрх баригчид Украины Зэвсэгт хүчинд ашиглагддаг Starlink системийн хурдыг түр хугацаанд бууруулсан талаар гомдол гаргаж байжээ. Үүний улмаас өмнө нь төлөвлөсөн зарим цэргийн ажиллагаа тасалдаж, реактив хөдөлгүүрт нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг устгах боломж хумигдсан байна.
Өнгөрсөн баасан гарагт бизнес эрхлэгч Илон Маск X нийгмийн сүлжээнд нэгэн нийтлэлийг дахин түгээжээ. Тус нийтлэлд "SpaceX компани Украины талд Starlink-ийн хэдэн мянган төхөөрөмжийг үнэ төлбөргүй илгээж, мөргөлдөөн эхэлсэн эхний үед тэдгээрийн үйлчилгээний төлбөрт сар бүр хэдэн сая доллар зарцуулж байсан нь алдаа болсон" гэж бичсэн байна.
Эх сурвалж: TASS