Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй холимог тулааны “Ташкент-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид амжилттай оролцож, олон улсын тавцанд ур чадвараа гайхуулсаар байгаа юм.
Тэмцээний “U18” насны ангиллын “MODERN” төрлийн охидын 60 кг-ын жинд өрсөлдсөн “One Team & OCTA MMA” клубын тамирчин М.Мөнхсувд өрсөлдөгчдөө илт давуугаар ялж, алтан медаль хүртэн, Азийн аварга боллоо. Түүний хувьд хүч, хурд, техникийн өндөр ур чадвараа харуулж, финалын тулаанд итгэл төгс ялалт байгуулсан нь үзэгчид болон мэргэжилтнүүдийн анхаарлыг татав.
Энэхүү амжилт нь Монголын холимог тулааны спортын хөгжил шинэ түвшинд хүрч буйн тод илрэл болж байна. Сүүлийн жилүүдэд Монголын залуу тамирчид Азийн болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж, MMA спортод өрсөлдөх чадвараараа бүс нутагтаа хүчтэйд тооцогдох болсон.
М.Мөнхсувдын ялалтын дараа Монголын багийн дасгалжуулагчид “Өсвөр үеийн тамирчдын бэлтгэл, сахилга бат, техник ур чадвар жилээс жилд сайжирч байгаа нь энэ амжилтын үндэс” хэмээн онцолсон байна. Мөн “One Team & OCTA MMA” клубээс сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээний медальт тамирчид төрөн гарч, Монголын MMA спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй юм.
Азийн 30 гаруй орон оролцож буй тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 8 тамирчин оролцсоноос Э.Хаш-Эрдэнэ мөнгөн медаль (Эрдэнэ тулааны спортын клуб), Х.Хатанбаатар хүрэл медаль (Shandas MMA /Team Tungaa/), П.Санжаадамба хүрэл медаль (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо), Ө.Дөлгөөн хүрэл медаль (King panda / boxing & MMA / club) тус тус хүртсэн.
Багийн тамирчдын ахлан дасгалжуулагчаар Спортын мастер Т.Болдбаатар (Болд нударга клуб), ОУХМ А.Дашням (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо) нар ажиллав.
Монгол эх орныхоо Алтан соёмбот Төрийн далбааг Ташкентын тэнгэрт мандуулсан баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!