АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтынхаа талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд мэдээлэл өгөхөөр пүрэв гарагийн орой Ирланд улсад хүрэлцэн иржээ.
Энэхүү айлчлал нь Орос, Украин, АНУ-ын хэлэлцээний багуудын Абу-Даби хотод хоёр өдрийн турш хийсэн уулзалтын дараа болж байна. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойш гурван тал оролцсон анхны хэлэлцээ байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.
Зеленский Дублин хотод болсон уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд өрнөсөн хэлэлцээнүүд маш чухал ач холбогдол өгч байснаа онцолсон аж.
Тэрбээр “Энэ бүхэн дайныг эцэслэж чадна гэсэн итгэл найдвар төрүүлж байна. Энэ уулзалтын дараа дараагийн уулзалт болно. Уулзалт бүр тодорхой үр дүн авчирч, биднийг энх тайванд улам ойртуулах ёстой” гэжээ.
Пүрэв гарагийн орой Уиткофф, Кушнер нарын хамт хийсэн мэдэгдлийнхээ үеэр Зеленский саяхан тохиролцсон олзлогдсон цэргүүдийг солилцох ажиллагаа дайн эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээтэй солилцоо болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр үүнийг “бодит үр дүн” хэмээн тодорхойлжээ.
Харин Кушнер Украины дайны дараа үеийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “үнэхээр гайхалтай” төлөвлөгөөнүүдийг боловсруулж буй талаар онцолсон байна.
Үүнээс өмнө, АНУ-ын элч нар Москвагаас хөдлөхийн өмнөхөн Уиткофф Внуково нисэх онгоцны буудалд CNN агентлагийн сэтгүүлч Фредерик Плайтгентэй ярилцахдаа “Миний бодлоор тодорхой ахиц дэвшил гарсан. Гурван талт хэлэлцээ дахин эхэлнэ гэж хүмүүс төсөөлөөгүй байсан. Гэвч бид хэлэлцээг сэргээж, дараагийн уулзалтыг товлолоо” гэжээ. Тэрбээр мөн “Ерөнхийлөгч Трамп яг үүнийг л харахыг хүсэж байгаа” хэмээн нэмж хэлсэн байна.
Уиткофф дараагийн хэлэлцээнд Европын төлөөлөгчид оролцох бололтой гэдгийг ч дурджээ. Тэрбээр “Европын орнууд бол бидний түншүүд. Тэднийг энэ үйл явцад оролцуулах нь чухал” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Кушнер ч мөн Зеленскийтэй уулзсаныхаа дараа энэ байр суурийг дэмжиж, “Европын орнууд хэлэлцээний ширээний ард суухгүйгээр бид энэхүү тохиролцоог эцэслэн байгуулах боломжгүй” гэж мэдэгджээ.
Европын орнуудыг хэлэлцээнд оролцуулах асуудлаар Оросын тал өөр байр суурь илэрхийлэв
ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков гурван талт хэлэлцээ цаашид үргэлжлэхийг баталгаажуулахын зэрэгцээ Европын төлөөлөгчдийг хэлэлцээнд оролцуулах асуудлыг төдийлөн дэмжээгүй байна.
Тэрбээр “Европын орнууд хэлэлцээнд оролцохын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна. Гэвч манай Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тэд энх тайвныг хүсэж байна уу, эсвэл дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байна уу гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй. Одоогоор тэдний бодит үйл ажиллагаа эсрэгээрээ, дайныг үргэлжлүүлэх чиглэлд буйг харуулж байна” гэж мэдэгджээ.
Энэхүү дипломат ажиллагаа өрнөж буйтай зэрэгцэн Украины Ерөнхийлөгч Зеленский тус улсын цэргийн ажиллагаанд нэн чухал үүрэгтэй Starshield хиймэл дагуулын холбооны системийн үйлчилгээнд дахин дахин саатал, хязгаарлалт үүсэж байгааг анхааруулсан байна.
Starshield нь Илон Маскийн эзэмшдэг Starlink үйлчилгээний цэргийн зориулалттай хувилбар юм. Зеленскийн мэдэгдсэнээр, сүүлийн өдрүүдэд уг системийн үйл ажиллагаанд ноцтой саатал гарч, Украины тал Оросын нисгэгчгүй онгоцуудыг агаарт устгах ажиллагаанд хүндрэл учирчээ.
Зеленский “Бид энэ асуудлын бүх нөхцөл байдлыг Америкийн талтай хамтран тодруулахыг хичээж байна” гэжээ.
Европын орнуудыг энх тайвны хэлэлцээнд оролцуулах шаардлагатай гэж үзэж байна
Пүрэв гарагт Путинтэй уулзах үеэрээ Уиткофф Украины асуудлаарх дараагийн шатны хэлэлцээнд Европын орнуудыг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн бөгөөд тус захиргаанд албан ёсны ямар нэгэн албан тушаал хашдаггүй ч гадаад бодлогын асуудлаарх гол төлөөлөгчдийн нэгээр ажиллаж буй Жаред Кушнер “Европын орнууд энэ дайн үнэхээр эцэслэж, түүний дараа урт удаан хугацаанд үргэлжлэх энх тайван тогтоосой гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ Европтой яриа хэлэлцээ хийхийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Та бүхэн энэхүү энх тайван бат бөх, урт удаан хугацаанд үргэлжлэхийг хүсэж байна. Би ч мөн үүнтэй санал нэг байгаагаа баталж байна. Бүр цаашлаад энэ энх тайвныг мөнхийн, үүрд үргэлжлээсэй гэж хүсэж байна” гэжээ.
Орос улс Европын орнуудын зорилгыг сэжиглэж байгаа эсэх талаар CNN агентлагийн сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриевээс тодруулахад тэрбээр пүрэв гарагт “Европын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах нь Европын хувьд үнэхээр чухал, томоохон алхам гэж бодож байна.
Европын ард иргэд, тэдний амьдралд санаа тавьдаг хүн бүр Европын аюулгүй байдал бат бөх байгаасай гэж хүсэх нь мэдээж” хэмээн хариулжээ.
Украин улс дайныг зогсоох асуудлаарх гол хэлэлцээнд Европын орнууд зайлшгүй оролцох ёстой гэсэн байр суурийг удаан хугацаанд илэрхийлж ирсэн. Гэвч Москва одоогоор Европын оролцоог нэмэгдүүлэх оролдлогыг төдийлөн дэмжихгүй байгаа аж.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногийн эхээр АНЭУ-ын Абу-Даби хотод болсон уулзалтад Европын албан тушаалтнууд оролцсоныг шүүмжилж, ийм оролцоо нь “ирээдүйтэй арга барил биш” хэмээн мэдэгдсэн байна.
Харин Абу-Даби хотод Оросын тал Европын холбооны төлөөлөгчидтэй уулзсан эсэх талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад тэрбээр лхагва гарагт “Ийм уулзалт хийхээр төлөвлөөгүй бөгөөд ямар нэгэн уулзалт болоогүй” гэж хариулжээ.
Үүний зэрэгцээ Ушаковын мэдэгдсэнээр, Путин болон Трамп нар Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр төлөвлөсөн хоёр талын уулзалтаараа Украины асуудлаарх хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх аж.
Тэрбээр “Ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлыг шийдвэрлэхэд биечлэн анхаарал хандуулж байгааг онцолсон. Мэдээжийн хэрэг, Шэньжэнь хотод болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр товлогдсон уулзалтаараа бид Украины асуудлыг зохицуулахтай холбоотой бүхий л асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэжээ.
Энэхүү нөхцөл байдал нь Европын улс орнууд өөрсдийн аюулгүй байдалтай шууд холбоотой шийдвэр гаргах хэлэлцээнээс гадуур үлдэх вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй аж.
АНУ-ын элч нартай уулзахаасаа өмнө Зеленский пүрэв гарагийн өглөө Дублин хотод болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад Европын бусад удирдагчдын хамт оролцжээ. Уулзалтаар Абу-Дабид саяхан болсон гурван талт хэлэлцээ болон ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн байна.
Киев хот дахин нисгэгчгүй онгоцны халдлагад өртөв
Дипломат хэлэлцээ эрчимжиж байгаа ч энх тайван тогтоох сүүлийн үеийн хүчин чармайлт Украиныг Оросын өдөр тутмын довтолгооноос хамгаалж чадсангүй.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Москвагийн тал пүрэв гарагт шилжих шөнө баллистик пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан Украины нутаг дэвсгэрт довтолжээ.
Киев хотод пүрэв гарагийн өглөө болсон Оросын нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас наад зах нь нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Зеленский: Дахин Starshield системийн хурдны хязгаарлалт тогтоогдсон
Зеленский пүрэв гарагт Starshield системийн үйл ажиллагаанд гарсан сүүлийн үеийн саатлын талаар мэдэгдэхдээ “Эдгээр нь санамсаргүй алдаа биш, харин системтэйгээр хурдыг хязгаарлаж байгаа үйлдлүүд юм. Энэ нь юуны өмнө Оросын тийрэлтэт хөдөлгүүрт нисгэгчгүй онгоцуудыг агаарт устгах бидний ажиллагааг ихээхэн хүндрүүлж байна” гэжээ.
Тэрбээр мөн X нийгмийн сүлжээн дэх хуудастаа “Харамсалтай нь, энэ нь Оросын талд илүү олон украин хүний аминд хүрэх, Украины нутаг дэвсгэрт илүү нарийвчлалтай цохилт өгөх боломж олгож байна” хэмээн бичсэн байна.
CNN агентлаг энэ асуудлаар Цагаан ордон болон Пентагоноос тайлбар хүсчээ. Starshield системийг эзэмшдэг SpaceX компани CNN-д "Үйлчилгээндээ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй" гэж мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө буюу аравдугаар сард ч Украины тал Starshield хиймэл дагуулын холбооны төхөөрөмжүүдэд хурдны хязгаарлалт тогтоосноо мэдэгдэж байсан. Тухайн үед Киев, Вашингтоны харилцаа улам хурцдаж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг өөрөө зөвшөөрөөгүй гэж мэдэгдсэн бол Илон Маск хязгаарлалтыг Трампын захиргаа тогтоосон хэмээн тайлбарлаж байжээ.
Эх сурвалж: CNN