ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай уулзах үеэрээ Украины Донбассын бүс нутаг дахь Константиновка сууринд хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулах санал тавьжээ.
Тэрбээр өмнө нь Алёшкид хэрэгжүүлсэнтэй ижил хэлбэрээр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг урьж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцуулахыг санал болгосон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт Кремльд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай уулзжээ.
Уулзалтын үеэр Путин Донбассын Константиновка сууринд 400-500 орчим энгийн иргэн амьдарч байгаа талаар дурдаад, тэдэнд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Алёшкид зохион байгуулсан арга хэмжээний жишгээр хэрэгжүүлэх санал гаргасан байна.
Тэрбээр АНУ-ын төлөөлөгчдөд хандан “Донбасст Константиновка гэдэг суурин бий. Тэнд мөн 400-500 орчим энгийн иргэн амьдарч байна. Алёшкид хийсэнтэйгээ адил арга хэмжээ зохион байгуулъя. Гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, тэр дундаа Америкийн хэвлэлүүд болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг урья” гэж хэлжээ.
Кремль дэх Украины асуудлаарх хэлэлцээ

Путин, Уиткофф, Кушнер нарын уулзалт Украины дайныг зохицуулах асуудлаарх дипломат хүчин чармайлтын хүрээнд болжээ.
АНУ-ын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр боловсруулсан Украины дайныг зохицуулах саналуудыг ОХУ-ын талтай хэлэлцэхээр Москвад хүрэлцэн ирсэн аж.
Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Владимир Мединский болон гадаад орнуудтай хийх хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар оролцжээ. Владимир Мединский өмнө нь Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг тэргүүлж байв.
Уулзалтын нээлттэй хэсэгт Владимир Путин Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүч байрлуулахыг Москва хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна.
Түүний үзэж байгаагаар, Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн анги нэгтгэл байрлуулах нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болох бөгөөд ийм хүчнийг Оросын зэвсэгт хүчний хувьд хууль ёсны бай болохыг анхааруулжээ.
Мөн Путин Москва Украины нутаг дэвсгэртэй холбоотой зааглах цорын ганц шугамыг улсын хил гэж үзэж байгаагаа онцолсон байна.
Москвагийн уулзалтын дараа Украины талтай уулзана
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар ОХУ-д дипломат зорилгоор өмнө нь хэд хэдэн удаа айлчилж байсан.
Энэ удаагийн Москва дахь уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид Ирландад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байгаа аж. Уг уулзалт Дублин хотод болж буй Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох хүлээлт буй юм байна.
Германы Канцлер Фридрих Мерц ч ОХУ Украины асуудлаарх хэлэлцээнд Европын орнуудыг оролцуулахыг зөвшөөрч магадгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Москва дахь уулзалт Украины дайныг зогсоох, цаашдын зохицуулалтын нөхцөлийг тодорхойлох дипломат яриа хэлэлцээний нэг хэсэг болж байна.
Эх сурвалж: DW, TASS