Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завханы нутгаар, 13-ны өдөр Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР