Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль (Johann Wadephul) "ОХУ, Украин, АНУ-ын төлөөлөгчдийн оролцоотойгоор Арабын Нэгдсэн Эмират Улсад (АНЭУ) эхэлсэн хэлэлцээний эхний өдрийн дараа цаашдын хэлэлцээнд Европыг заавал оролцуулах шаардлагатай" гэж дахин уриаллаа. Тэрбээр арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт Парис хотноо болсон “Их долоо” (G7) бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өндөрлөсний дараа энэ тухай мэдэгдэв.

Вадефуль Абу Дабид болж буй одоогийн хэлэлцээний явцад Европын талд зөвхөн мэдээлэл өгч, Оросын төлөөлөгчидтэй хийх уулзалтад оролцуулаагүйд “бүрэн сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Гэсэн хэдий ч энэ нь завсрын үе шатны хувьд оновчтой алхам байлаа. Эхний шатанд Европыг хэлэлцээнд бүрэн оролцуулах боломжгүй гэдгийг би сайн ойлгож байсан. Гэхдээ цаашид Европын бүрэн оролцоог хангах боломжтой болно гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ нь хэдий чинээ хурдан хэрэгжинэ, хэлэлцээ төдий чинээ үр дүнтэй өрнөнө” хэмээн онцолсон байна.

Германы сайдын үзэж буйгаар, Украины аюулгүй байдлын баталгаа, тус улс Европын Холбоо (ЕХ)-нд гишүүнээр элсэх боломж, цаашид ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг сулруулах асуудал зэрэг нь Европын шууд оролцоог зайлшгүй шаардаж байгаа аж. Түүнчлэн Вадефуль "Европыг хэлэлцээнд оролцуулах эсэх нь Орос улс энэхүү дипломат үйл явцад хэр зэрэг нухацтай хандаж байгааг харуулах нэгэн үзүүлэлт болно" гэж үзэж байна.

Вадефуль: Европыг хэн төлөөлөх нь гол асуудал биш

Германы Гадаад хэргийн сайдын үзэж буйгаар, хэлэлцээнд Европыг яг хэн төлөөлөх вэ гэдэг нь Европын оролцоог хангах асуудлаас харьцангуй бага ач холбогдолтой юм.

Берлин Германыг Франц, Их Британитай хамтатгасан “E3” форматаар төлөөлүүлэхийн зэрэгцээ Италийг нэмж оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин Европын Холбооны бусад гишүүн орнуудад хэлэлцээний явцын талаар цаг тухайд нь мэдээлж байх шаардлагатай аж.

Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта (António Costa) энэ асуудлыг долоо хоногийн сүүлээр Дублин хотноо болох Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтаар хэлэлцэх бодолтой байгаагаа мэдэгджээ.

Абу Дабид болсон хэлэлцээнд Германыг Канцлер Фридрих Мерцийн (Friedrich Merz) Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Гюнтер Зауттер (Günter Sautter) төлөөлөн оролцсон байна. Гэвч тэрбээр Европын бусад улсын төлөөлөгчдийн нэгэн адил хэлэлцээний ширээний ард шууд сууж оролцоогүй аж.

Вадефуль: Өрнөд Украинаас нүүр буруулвал Оросыг шинэ дайн өдөөхөд түлхэц болно

Парис хотноо “Их долоо” бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Вадефуль Украиныг дэмжих асуудлаар Өрнөдийн ардчилсан орнууд нэгдмэл байр суурьтай байгааг онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр, уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд “Украин болон түүний зоригт ард түмнийг тууштай дэмжих байр суурь”-ийг дахин баталгаажуулсан байна.

Герман улс 2027 онд ч Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэх бөгөөд түнш орнуудаа “хамтын хүчин чармайлтаа нэгтгэн, илүү их дэмжлэг үзүүлэх”-ийг уриалж байгааг сайд онцолжээ.

Вадефуль Украины тал, АНУ болон тэдний холбоотнууд дипломат аргаар шийдэл олохыг эрэлхийлж байгаа энэ үед Орос улс энгийн иргэдийн амьдралд чухал ач холбогдолтой дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгсөөр байна хэмээн ОХУ-ыг буруутгасан байна.

Тэрбээр Өрнөдийн орнууд Украйнаас нүүр буруулбал энэ нь Орос улсыг цаашид шинэ түрэмгий дайн өдөөхөд түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд “Их долоо” бүлгийн орнууд хорлон сүйтгэх ажиллагаа, кибер халдлага болон бусад эрлийз аюул заналхийллийн эсрэг тэсвэрлэх чадвараа бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа талаар мэдэгджээ.

Эх сурвалж: DW