Германы Христийн ардчилсан холбоо (ХАХ)-ны удирдлага арваннэгдүгээр сарын 9-ний даваа гарагт тус улсын Канцлер Фридрих Мерцийн Германы Ерөнхийлөгчийн сонгуульд Ильзе Айгнерийг нэр дэвшүүлэх саналыг дэмжжээ.
Баварийн Христийн нийгмийн холбоо (ХНХ)-ны төлөөлөгч Ильзе Айгнер ийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийг залгамжлах, улмаар Германы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох бодит боломжтой болж байна.
Энэ асуудлаар 2027 оны нэгдүгээр сарын 30-нд тусгайлан хуралдах Холбооны Ассамблей эцсийн шийдвэр гаргах аж. Эрх баригч ХАХ/ХНХ-ын эвсэл болон Социал демократ нам тус ассамблейд олонхийн суудалтай хэвээр байгаа тул саяхан болсон мужийн сонгуулийн дараа ч Айгнер сонгогдох магадлал өндөр байгаа аж.
Ильзе Айгнер - улс төрийн харилцаа холбоо тогтоохдоо гарамгай нэгэн
Ильзе Айгнер бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх аттестатгүй бөгөөд их, дээд сургууль төгсөөгүй. Хуульчийн диплом улс төрийн амжилттай карьерын бараг зайлшгүй нөхцөл болсон өнөө үед энэ нь нэлээд ховор үзэгдэл юм.
Дөрвөн эгч дүүсийн отгон нь болох Ильзе Айгнер жижиг цахилгаан техникийн засварын газрын эзэд байсан гэр бүлд өсжээ. Тэрбээр радио, телевизийн техникч, улмаар цахилгаан техникийн мэргэжилтэн болж мэргэшсэн байна.
Тэрбээр цахилгаан эрчим хүчний сүлжээ хэрхэн ажилладгийг сайн мэддэг. Үүнээс гадна улс төрийн харилцаа холбооны сүлжээг ч мөн адил амжилттай бий болгож чаддаг нэгэн ажээ.
Айгнер Франц-Германы хамтарсан Eurocopter компанид (одоогийн Airbus концерны нэг хэсэг) хэдэн жил ажиллаж, нисдэг тэрэгний цахилгаан техникийн эд анги боловсруулах ажил эрхэлж байжээ.
1994 онд тухайн үед 30 настай байсан Айгнер ХНХ-оос нэр дэвшин, Баварийн мужийн парламентад сонгогдсон байна.
Хожим нь 1998-2013 онд Германы Бундестагийн гишүүнээр ажиллажээ. 2008-2013 онд Ангела Меркелийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах сайдын албыг хашсан байна.
Энэ салбар нь олон нийтийн анхаарлын төвд байнга байдаг бөгөөд нөлөө бүхий лобби бүлгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой дуулиан шуугиан гардаг, маргаан мэтгэлцээн нь Европын Холбооны түвшинд хүртэл өрнөдөг онцлогтой аж.
Гэсэн хэдий ч Айгнер сайдын үүргээ амжилттай гүйцэтгэж, чадварлаг улс төрч гэсэн нэр хүндийг олж авчээ.
Германы улс төрийн намуудын боловсон хүчний бодлого заримдаа томоохон өрсөлдөөн, стратегийн тоглолттой төстэй байдаг байна. 2013 онд Айгнер холбооны түвшний албан тушаалаасаа бууж, Мюнхен хотод эргэн ирж, Баварийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн Төрийн сайдаар томилогджээ.
Тухайн үеийн Баварийн Ерөнхий сайд Хорст Зеехофер өөрийн адил Дээд Бавариас гаралтай Айгнерийг ирээдүйн залгамжлагчаа хэмээн үзэж байсан аж.
Зёдер ба Айгнер: Улс төрийн хамтрагчид, өрсөлдөгчид
Гэвч тухайн үед Баварийн Сангийн сайдаар ажиллаж байсан Франкони нутгийн гаралтай Маркус Зёдер энэ төлөвлөгөөнд саад болжээ.
1994 онд Айгнер, Зёдер хоёр мужийн парламентад нэгэн зэрэг сонгогдож, тухайн бүрэлдэхүүний хамгийн залуу хоёр гишүүн болж байсан аж. Тэр цагаас хойш тэдний улс төрийн замнал томоохон улс төрийн тавцанд олон удаа огтлолцсон байна.
Айгнер Зёдерийн адил Баварийн Ерөнхий сайд болж чадаагүй. Гэсэн хэдий ч тэрбээр сүүлийн найман жилийн турш Бавари мужийн парламентын даргаар ажиллаж буй, тус муждаа өндөр нэр хүндтэй улс төрч аж.
Сүүлийн саруудад түүний нэр Германы Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж болох хүмүүсийн жагсаалтад тогтмол дурдагдаж, олон хүн түүнийг сонгуулийн гол фаворит хэмээн үзэх болжээ.
Баварийн Ерөнхий сайд Зёдер өнгөрсөн дөрөвдүгээр сард Айгнерийг Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх боломжтойг олон нийтэд анх санал болгож байжээ.
Цаг хугацаа өнгөрөх хэрээр түүнийг дэмжих байр суурь зөвхөн ХАХ, ХНХ-ноос бус Социал демократ нам болон Ногоон намаас ч ирэх болсон байна.
Гэсэн хэдий ч Канцлер Мерц шийдвэр гаргах гэж яарахгүй байгаа мэт харагдаж байсан аж. Улс төрийн хүрээнд өөр нэр дэвшигчдийн нэрс ч яригдаж байсан боловч удалгүй хэлэлцүүлгээс хасагддаг байжээ.
Ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө Фридрих Мерц ХНХ-ын их хуралд оролцохдоо мэндчилгээний үгэндээ Ильзе Айгнерийн нэрийг дурдсан байна. Тэр үед Мерц хүртэл хэсэг завсарлага авахаас өөр аргагүй болжээ. Учир нь, мужийн парламентын даргын нэрийг сонссон төлөөлөгчид суудлаасаа босож, нижигнэсэн алга ташилтаар угтсан байна.
Мюнхений Merkur сонины мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сард Тегернзе нуурын орчимд байрлах нэгэн сургуульд зочлохдоо Айгнер бага ангийн дөрөвдүгээр ангийн сурагчдын сургуулийн сонинд зориулан асуултад хариулжээ.
Тэрбээр өөрийнх нь улс төрийн карьер урьдчилан төлөвлөгдөөгүй талаар ярьсан байна. Зүгээр л өөрийн бодсон зүйлээ дотроо хадгалж чаддаггүй байсан нь түүнийг янз бүрийн албан тушаалд удаа дараа сонгогдох шалтгаан болсон гэж тайлбарлажээ.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ХАХ/ХНХ-ны эвслээс нэр дэвшигчийг тодруулах үйл явцын үеэр Айгнер бараг ямар ч тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна.
Хэрэв Ильзе Айгнер Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ нь Германы түүхэн дэх онцгой үйл явдал болох аж. Учир нь, ХБНГУ-ын түүхэнд анх удаа төрийн тэргүүний албан тушаалыг эмэгтэй хүн хаших юм.
Түүнчлэн тэрбээр гэрлэж байгаагүй, гэр бүлгүй анхны Ерөнхийлөгч болох ажээ. 1949 оноос хойш Германы төрийн тэргүүний энэхүү дээд албан тушаалыг зөвхөн эрэгтэйчүүд хашиж ирсэн бөгөөд 1999 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид үргэлж оролцож байжээ.
Тухайлбал, 1999 онд ХАХ/ХНХ-ны эвслээс физикч, Тюрингийн их сургуулийн ректор Дагмар Шипанскиг, харин тухайн үеийн Ардчилсан социализмын нам (ПДС) буюу өнөөгийн Зүүний намын өмнөх байгууллагаас католик шашны теологич Ута Ранке-Хайнеман нарыг нэр дэвшүүлж байжээ.
Гэвч Холбооны Ассамблейн тухайн үеийн хүчний харьцааг харгалзан үзвэл, эдгээр нэр дэвшигчид олонхийн дэмжлэг авах бодит боломжгүй, цөөнхийн бэлгэдлийн нэр дэвшигчид байж. Тухайн сонгуулиар Социал демократ намын төлөөлөгч Йоханнес Рау төрийн тэргүүнээр сонгогджээ.
Үүнтэй ижил нөхцөл байдал дараа нь Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн бусад эмэгтэйчүүдэд ч тохиолдсон байна. Гэвч сүүлийн жилүүдэд олонхийн дэмжлэгтэй эмэгтэй нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шаардлагатай гэсэн уриалга улам хүчтэй болсон аж.
Ильзе Айгнер консерватив чиглэлийн улс төрийн хүчнүүдийн дунд хэдийнэ өндөр нэр хүндтэй болсон тул энэ удаа түүнийг сонгожээ.
ХНХ холбооны улс төрийн түвшинд гарч ирж байна
Айгнер Ерөнхийлөгчөөр сонгогдвол ХАХ-ны Баварийн эгч дүүс нам болох ХНХ-ны хувьд ч томоохон өөрчлөлт болох аж. ХНХ-ын төлөөлөгчид ХБНГУ-ын Ерөнхийлөгч болон Канцлерын албан тушаалыг урьд өмнө хэзээ ч хашиж байгаагүй юм.
Зөвхөн нэг удаа буюу 1979-1983 онд тус намын гишүүн Рихард Штюклен Бундестагийн даргаар ажиллаж байжээ. Германы улс төрийн шатлалд энэ албан тушаал ач холбогдлоороо хоёрдугаарт тооцдог аж.
Хэрэв Ильзе Айгнер Ерөнхийлөгчийн ордон Бельвюд заларвал Маркус Зёдерийн ирээдүйд Канцлер болох амбицад цэг тавигдаж магадгүй гэж ажиглагчид үзэж буй юм байна.
Холбооны түвшинд Айгнер улс төрийн зэрэг дэвээрээ Зёдерээс дээгүүр байр суурьтай болно. Мөн Баварийн улс төрийн хүрээнд 61 настай Айгнер сүүлийн жилүүдэд олж авсан өндөр нэр хүндээрээ 59 настай Ерөнхий сайд Зёдерийн гол өрсөлдөгчөөр тооцогдож иржээ.
Эцсийн дүндээ Фридрих Мерцийн гаргасан энэхүү шийдвэр хэрэв ХАХ/ХНХ-ны эвсэл дараагийн Бундестагийн сонгуулийн дараа ч Канцлерын албан тушаалаа хадгалж чадвал ХАХ-ны эгнээнээс ирээдүйн Засгийн газрын тэргүүн болох боломжтой улс төрчийн замыг чөлөөлж өгсөн хэрэг болох нь.
Ерөнхийлөгч болон Канцлер хоёр хоёулаа ХНХ-ноос гаралтай байх хувилбар ХАХ-нд төдийлөн таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүхнийг эхлээд Холбооны Ассамблейн шийдвэр эцэслэх ёстой аж.
Германы шинэ төрийн тэргүүн ирэх гуравдугаар сарын дундуур албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм байна.
Эх сурвалж: DW