Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 9-ний даваа гарагийн орой ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Орос улс гүүр болон эрчим хүчний барилга байгууламжуудад цохилт өгч, Украиныг Днепр мөрний дагуу хоёр хэсэгт хуваахыг зорьж байна" гэж мэдэгджээ.

Зеленский “Оросын талын манай гүүр болон эрчим хүчний сүлжээний эсрэг явуулж буй ажиллагаанаас үүдэлтэй сорилтуудыг бид нарийвчлан хэлэлцлээ. Орос улс Украиныг Днепр мөрний дагуу хоёр хэсэгт хувааж, ард иргэдийн, хот тосгодын амьдралыг аль болох хүндрүүлэхийг оролдож байна” гэж хэлсэн байна.

Тэрбээр мөн “Үүний өмнөх өдөр би Урсула фон дер Ляйентэй ярилцсан. Дэмжлэг үзүүлж, нөхцөл байдлыг ойлгож байгаад нь Урсулад чин сэтгэлээсээ талархаж байна. Европын Холбооноос нэмэлт дэмжлэг, тусламж үзүүлэхээр болсон” гэж нэмж хэлжээ.

Зеленский Оросын Украиныг Днепр мөрний дагуу хуваах төлөвлөгөөний талаар ЕХ-ны удирдагчдад анхааруулжээ

Орос улс ийм төлөвлөгөөтэй байгааг Зеленский Европын удирдагчдад мөн анхааруулсан талаар Financial Times сонин өмнөх өдөр нь эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйентэй утсаар ярилцах үеэрээ энэ асуудлыг хөндсөн байна. Тэрбээр "Кремль Оростой хиллэдэг Украины зүүн хэсгийг Европын Холбоотой хиллэдэг баруун хэсгээс тусгаарлахыг зорьж байна" гэж мэдэгджээ.

Украины өндөр албан тушаалтан Financial Times сонинд "Оросын төлөвлөгөө нь зөвхөн Украиныг хоёр хэсэгт хуваахад чиглээгүй бөгөөд тус улсын баруун хэсгээс зүүн хэсэг рүү дамжих цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулах зорилготой" гэж мэдээлсэн байна. Ингэснээр өвлийн ид хүйтний үеэр сая сая хүн цахилгаан эрчим хүчгүй үлдэх эрсдэлтэй аж.

Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Орос улс Днепр мөрөн дээгүүрх гүүрүүдэд, тэр дундаа Киев хотын Хойд болон Өмнөд гүүрүүдэд өгөх цохилтоо эрчимжүүлжээ. Үүний улмаас хотын хоёр эргийн хоорондын тээврийн хөдөлгөөнд саад учирчээ.

Киев хотод хамгийн ойр байрлах бусад гүүрэн байгууламжийн нэг нь хойд зүгт ойролцоогоор 16 километрийн зайд орших Киевийн усан цахилгаан станц бөгөөд өмнө зүгт 130 орчим километрийн зайд Каневын усан цахилгаан станц байрладаг байна.

Эх сурвалж: DW