Украины Агаарын цэргийн хүчний командлал "Оросын зэвсэгт хүчин арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт шилжих шөнө Украинд “Искандер-М” загварын нэг баллистик пуужин болон довтолгооны зориулалттай 162 нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан цохилт өгсөн" гэж мэдээлжээ.

Тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Оросын 135 дроныг устгаж, электрон саатуулах аргаар ажиллагаагүй болгож чадсан байна. Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, 19 байршилд дронууд онож, харин өөр есөн байршилд устгагдсан дронуудын хэлтэрхий унажээ.

Украины эрчим хүчний оператор “Укрэнерго”-гийн мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Киев, Харьков, Сумы, Полтава, Днепропетровск, Винница, Черкасск болон Кировоград мужуудын эрчим хүчний барилга байгууламжуудад халдсан байна.

Тус оператор “Дайсан эрчим хүчний барилга байгууламжуудад халдсаны улмаас өглөөний байдлаар Днепропетровск, Донецк, Киев, Сумы, Харьков болон Чернигов мужуудад цахилгаан эрчим хүч тасраад байна” гэж мэдээлжээ.

Украины Ерөнхий сайд Сергей Корецкий “Энэ шөнө Оросын зэвсэгт хүчин Украины 10 мужид халдлага үйлдсэн. Полтава, Днепропетровск, Винница болон Кировоград мужуудад бүс нутгуудын хооронд цахилгаан эрчим хүч дамжуулдаг таван томоохон дэд станц халдлагад өртсөн” гэж бичжээ.

Винница мужид хоёр хүн амиа алджээ

Винница мужийн Ладыжин хотод Оросын цохилт иргэний зориулалттай аж ахуйн нэгжид туссаны улмаас хоёр хүн амиа алдсан талаар тус мужийн Цэргийн захиргааны тэргүүн Наталья Заболотная мэдээлжээ.

Тэрбээр мөн тухайн аж ахуйн нэгжийн барилга байгууламж эвдэрч сүйдсэнээс гадна эрчим хүчний дэд бүтцийн объектууд гэмтсэн гэж мэдээлсэн байна.

Киев мужид шөнийн халдлагын улмаас орон нутгийн өмчид бүртгэлтэй, нийгмийн онцгой дэмжлэг, асаргаа шаардлагатай хүмүүс амьдардаг барилга гэмтжээ. Цохилтын улмаас хоёр хүн шархдан, эмнэлэгт хүргэгдсэн байна. Барилга хэсэгчлэн нурсан гэж тус мужийн Цэргийн захиргааны тэргүүн Тимур Ткаченко мэдээлжээ.

Сумы хотод Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хотын захын чиглэлд явдаг цахилгаан галт тэргэнд халдсан байна.

Украины төмөр замын “Укрзализныця” компани “Дрон цохилт өгөх үед галт тэрэг төмөр замын өртөөний тавцан дээр зогсож байсан. Галт тэрэгний багийнхан хоргодох байранд байсан. Зорчигчид болон төмөр замын ажилтнуудаас хэн нь ч гэмтэж бэртээгүй” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: DW