Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн дуусаж, Украинд аюулгүй байдлын баталгаа олгохоос өмнө Европ, Оросын хооронд аюулгүй байдлын шинэ тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэлэлцэх нь эртэдсэн алхам бөгөөд эрсдэл дагуулж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Тэрбээр CNN телевизэд ярилцлага өгөхдөө энэ байр сууриа илэрхийлжээ. Ярилцлагын зарим хэсгийг Зеленский өнгөрсөн бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч хэлэхдээ “Европ, Оросын хооронд аюулгүй байдлын шинэ тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэлэлцэх санаа нь энгийн асуудал биш бөгөөд аюултай байж болзошгүй.
Би бүх түнш орондоо байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Юуны өмнө бид Оросын Украины эсрэг явуулж буй дайныг хэрхэн дуусгах талаар хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, Украины аюулгүй байдлын тогтолцоо ямар байх, манай улс ямар баталгаа авах вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай.
Харин эдгээр асуудалд тодорхой хариулт гарсны дараа Европ, эсвэл Европын Холбоо Оростой харилцах аюулгүй байдлын шинэ тогтолцооны талаар хэлэлцэж болно” гэжээ.
Зеленскийн үзэж буйгаар, Орос улс Европын аюулгүй байдлын шинэ тогтолцоог бүрдүүлэх асуудлаас яриа хэлэлцээг эхлүүлэхийг эрмэлзэж байгаа нь Европ тив бүхэлдээ эрсдэлд орох нөхцөл үүсгэж болзошгүй аж.
Тэрбээр мөн “Бид Европын Холбооны гишүүн ч биш, НАТО-гийн гишүүн ч биш. Би эдгээр байгууллагын өмнөөс байр сууриа илэрхийлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ бид бүгдээрээ Европт амьдарч байна. Бид ‘Ялта-2’ хувилбарыг хүсэхгүй. Орос улс Европыг дахин хуваахыг бид хүсэхгүй байна” хэмээн онцолжээ.
Энэ нь 1945 оны Ялтын бага хурлын дараа Европ тивийг нөлөөллийн хүрээнд хуваасан түүхэн үйл явдалтай адил нөхцөл байдал дахин бий болох ёсгүй гэсэн санааг илэрхийлсэн хэрэг аж.
Европын аюулгүй байдлын шинэ тогтолцооны асуудал түгшүүр төрүүлж байна
Зеленскийн дээрх мэдэгдэл Украины дайныг зогсоох боломжит хэлэлцээрийн хүрээнд Европын аюулгүй байдлын тогтолцоог шинэчлэн авч үзэх тухай яриа өрнөж буй энэ үед гарчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 5-ны өдөр зөвхөн Украинд төдийгүй Европ тивд бүхэлд нь хамааралтай “өргөн хүрээний хэлэлцээр” байгуулах гэж буйгаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн түүний хүргэн, Украины асуудлаарх хэлэлцээнд оролцож буй төлөөлөгч Жаред Кушнер Брюссель хотноо АНУ-ын талын төлөөлөгчид Украинд олгох аюулгүй байдлын баталгаа болон Европын аюулгүй байдлын өргөн хүрээний шинэ тогтолцооны асуудлаар хэлэлцсэн талаар мэдээлжээ.
Эдгээр хэлэлцүүлэг нь ирэх долоо хоногт болох Орос, Украины төлөөлөгчдийн уулзалтын өмнө өрнөж, Европын холбоотон орнуудын дунд түгшүүр төрүүлээд байгаа аж. Тухайлбал, Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Европын холбоотнууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Европын аюулгүй байдлын үндсэн зарчмуудыг өөрчлөх гэсэн эрмэлзлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна.
Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Варшав хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Европын аюулгүй байдлын тогтолцоо бидэнд хэдийнэ бий.
Асуудал нь Орос улс энэхүү тогтолцооны үндэс суурь болсон гэрээ, хэлэлцээрүүдийг байнга зөрчиж байгаад оршиж байна. 2021 онд ч НАТО ОХУ-д аюул занал учруулаагүй, одоо ч тийм биш” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW