Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 2-ноос 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дахин мандууллаа.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд Монгол Улсын шигшээ баг 25.08 секундын амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэд болов.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, багийн ажиллагаагаа сорин өрсөлдөж буй. Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 тамирчинтай хоёр баг оролцож байгаа юм.

Монголын гал сөнөөгч тамирчдын энэхүү амжилт өмнөх түүхэн амжилтаа ахиулсан онцгой үйл явдал болов. Тодруулбал, 2017 онд Бүгд Найрамдах Турк Улсын Измир хотноо зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд Монгол Улсын баг хүрэл медаль хүртэж, улсынхаа рекордыг шинэчилж байсан түүхтэй.

Энэ удаа амжилтаа ахиулан мөнгөн медаль хүртсэн нь Монголын гал унтраах техникийн олон төрөлт спортын хөгжил, тамирчдын ур чадвар, уйгагүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүнг дэлхий дахинд дахин батлан харуулсан бахархалт үйл явдал юм.

Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн Монгол Улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон спортын хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Э.ЦЭЦЭН