Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсны дараа АНУ болон түүний холбоотнууд шуурхай бөгөөд хатуу хариу арга хэмжээ авсан.
Барууны орнууд Кремлийн эсрэг эдийн засгийн өргөн хүрээний шахалт үзүүлж, Оросын импортын бараа бүтээгдэхүүнийг хориглох, тус улсыг олон улсын төлбөр тооцооны системээс тусгаарлах, Оросын газрын тосны борлуулалтад үнийн дээд хязгаар тогтоох зэргээр Кремлийн санхүүгийн эх үүсвэрийг хумьж байв.
2026 онд нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Мальта улсын далбаатай “Agioi Fanendes” хөлөг онгоц 300 мянган баррель Оросын дизель түлш тээвэрлэн АНУ-ыг зорьж байна. Энэ нь Вашингтоны Москвагийн талаарх байр суурь хэрхэн эрс өөрчлөгдсөнийг харуулсан содон дүр зураг болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх, Украины дайн үргэлжилж байхад Ерөнхийлөгч Владимир Путинтэй бизнесийн хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа нь Оросын олон улсын тавцан дахь “гадуурхагдсан улс” гэсэн байр суурийг сулруулж буй юм.
Үүний зэрэгцээ Путин хөрш Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсний хариуд Оросын эдийн засгийг боомилж, тусгаарлах зорилгоор АНУ болон холбоотнуудынхаа олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлогод сэв суулгаж буй хэрэг.
Тухайн үед ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ боловсруулах ажилд гар бие оролцож байсан АНУ-ын Сангийн яамны туслах сайд асан Бен Харрис “2022 оны эхээр АНУ-ын Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч Оросын газрын тосноос ганц дуслыг ч Америкийн эрэгт хүргэхийг хүсэхгүй гэсэн маш хатуу байр суурьтай байсан” гэж ярьжээ.
Тэрбээр өдгөө Брукингсийн хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч, захирлаар ажиллаж байгаа аж. Харрисын хэлснээр, Трампын үйлдлүүдээс харахад тэрбээр “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахад ямар ч ач холбогдол өгдөггүй, мөн хоригийг Украины дайныг зогсоох арга хэрэгсэл гэж үздэггүй” аж.
Харрис “Тэрбээр Оросын түрэмгийллийг асуудал гэж үзэж буй эсэх нь хүртэл тодорхойгүй байна” хэмээн CNN-д ярьж, Трампын сүүлийн үеийн алхмуудыг “үнэхээр урам хугалсан” гэж тодорхойлжээ.
Трамп завсрын сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө Оросоос дизель түлш худалдан авах шийдвэр гаргасан. Энэ үед шатахууны үнэ огцом өссөн нь сонгогчдын санааг хамгийн их зовоож буй асуудлын нэг болоод байв.
Дизель түлшний үнэ галлон тутамдаа зургаан ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Ирантай дайн эхлэхээс өмнө улсын хэмжээнд нэг галлон дизель түлшний дундаж үнэ 3.76 ам.доллар байсан бол одоо бензиний үнэ ч мөн дөрвөн ам.доллароос давсан байна. “AAA” байгууллагын мэдээллээр, бензиний үнэ жилийн өмнөхөөс гурван ам.доллароор нэмэгджээ.

Гэхдээ шинжээчид "Трампын Оросоос дизель түлш худалдан авах шийдвэр шатахууны үнийг мэдэгдэхүйц бууруулахгүй" гэж үзэж буй аж. “Agioi Fanendes” хөлөгт ачсан түлшний хэмжээ зөвхөн АНУ-ын тээврийн салбарын нэг өдрийн хэрэглээний 10 орчим хувьтай тэнцэх юм байна. Трампын төлөвлөгөөний дагуу Оросоос нийт 2.2 сая баррель дизель түлш импортолсон ч энэ нь Америкийн хэрэгцээг нэг хоног ч хангаж хүрэлцэхгүй аж.
Орос улс дахин “гадуурхагдсан” орон байхаа болих уу?
Гэсэн хэдий ч энэ хэлэлцээр нь сүүлийн дөрвөн жилийн бодлогоос эрс ухарсан АНУ, Оросын бизнесийн хэд хэдэн хэлцлийн эхлэл байж болзошгүй нь.
Өдгөө яригдаж буй хамтарсан бизнесийн төслүүдэд Орос, АНУ-ын мэдээллийн төвүүд байгуулах, Арктикт шингэрүүлсэн байгалийн хий олборлох хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудал багтаж буй аж.
Эдгээр хэлэлцээр Украины дайнд гал зогсоох тохиролцоо байгуулагдаагүй, Оросын түрэмгийллийг зогсоох тодорхой нөхцөл тавигдаагүй байхад яригдаж байгаа нь анхаарал татаж буй.
Вашингтон хотод төвтэй Брукингсийн хүрээлэнгийн ахлах судлаач Томас Райт энэ дизель түлшний хэлэлцээрийг АНУ-ын шинэ бодлогын “анхны дохио” байж магадгүй гэж үзжээ. Тэрбээр “Энэ нь ойрын ирээдүйд юу болохыг илтгэж болзошгүй учраас хүмүүсийг нэлээд түгшээсэн” хэмээн ярьсан байна.
Мөн Оросын газрын тосны томоохон компани “Лукойл”-ын гадаад дахь хөрөнгийг худалдан авах хэлэлцээр ойрын хэдэн долоо хоногт хийгдэх төлөвтэй байгаа талаар “Reuters” агентлаг арваннэгдүгээр сарын 3-нд мэдээлжээ. Уг хэлэлцээрийг Америкийн хөрөнгө оруулагчид багтсан консорциум удирдаж байгаа аж.
Харин АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад Ардчилсан намынхан олонх болсон нөхцөлд Трампын засаг захиргааны Оростой хийх одоогийн болон ирээдүйн хэлэлцээрүүдэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп гадаад бодлогын асуудлаар гаргасан шийдвэртээ хориг тавих эрхтэй хэвээр байгаа юм.
Завсрын сонгуулийн өмнө Трампын засаг захиргаа болон Кремль Оросын олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй Үндэсний баялгийн санд тавьсан АНУ-ын хоригийг цуцлах боломжийн талаар хэлэлцэж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргаа Украины эсрэг Оросын бүрэн хэмжээний довтолгооны дараа уг санд хориг тавьсан билээ. Тухайн үед тус санг Путины болон түүний ойрын хүрээллийнхний ашиг сонирхолд үйлчилдэг “далд мөнгөний сан” хэмээн тодорхойлж байв.
АНУ-ын нэгэн албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт CNN-д мэдээлэхдээ, Засаг захиргаа уг санд тавьсан хоригийг зөөлрүүлэх асуудлыг “хэвийн журмын дагуу” судалж буй бөгөөд үүний зорилго нь “АНУ, Оросын харилцааг сайжруулж, дайныг дуусгахад дэмжлэг үзүүлэх” явдал гэжээ.
Трамп Путиныг дэмжсэн, эвлэрэх байр суурь баримталж байгааг харуулах өөр нэг жишээ нь өнгөрсөн сард Оросын чулуужсан түлшний борлуулалттай холбоотой хориг арга хэмжээг хэрэгжиж эхлэхээс нь хэдхэн хоногийн өмнө түдгэлзүүлсэн явдал аж. Энэ шийдвэр АНУ-ын Конгресст хоёр намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Уг хориг арга хэмжээ нь ОХУ-ын газрын тос, байгалийн хийн хамгийн том таван худалдан авагчид, тэр дундаа Энэтхэгт татвар ногдуулах тухай заалт бүхий “Грэмийн хууль”-д тусгагдсан аж. Хуулийг санаачилсан сенатор Линдси Грэм Оросын эсрэг хатуу байр суурь баримталдгаараа алдартай бөгөөд тэрбээр долдугаар сард нас барсан билээ.
Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач, Киевийн Эдийн засгийн сургуулийн Гадаад бодлогын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Элина Рыбакова "Трампын Оросоос дизель түлш худалдан авах хэлэлцээр нь Энэтхэг, Хятад зэрэг Оросын экспортын бүтээгдэхүүнийг худалдан авдаг бусад улс орнуудыг АНУ-ын хариу арга хэмжээнээс болгоомжлох явдлыг бууруулна" гэж үзэж буй аж.
Тэрбээр “Трампын дизель түлшний хэлэлцээр маш чухал дохио болж байна” хэмээн онцолжээ.
Худалдан авагчид болгоомжлох хэрэгтэй
“Kpler” компанийн түүхий эдийн судалгааны газрын захирал Мэтт Смит “Agioi Fanendes” танкер АНУ-ын эрэгт хүрч, ачаагаа буулгаж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Оросын дизель түлш тээвэрлэж явсан, хоригт хамрагдсан газрын тосны өөр хоёр танкер өмнө нь АНУ-ыг зорьж байсан ч чиглэлээ өөрчилсөн гэж CNN-д ярьжээ.
Үүний шалтгаан нь АНУ-ын худалдан авагчид хууль эрх зүйн хариуцлага хүлээхээс болгоомжилсонтой холбоотой байж болзошгүй аж. Харин “Agioi Fanendes” танкер АНУ-ыг зорьсон чиглэлээ өөрчлөөгүй ч сүүлийн хэдэн өдөр хөдөлгөөн нь удааширсан байна.
Мэтт Смит “Энэ ачааг заавал АНУ-д буулгана гэсэн баталгаа байхгүй. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас өмнөх хоёр танкерын адил чиглэлээ өөрчлөх магадлалтай” гэж хэлжээ.
Трампын засаг захиргааны нэгэн албан тушаалтан пүрэв гарагт CNN-д өгсөн тайлбартаа, “Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Путин хоёрын тохиролцсон хэлэлцээрийн дагуу Оросын дизель түлш ачсан хөлөг онгоц далайд гарч, зах зээлийг зорьж байна. Энэ нь америкчуудын шатахууны үнийг бууруулахад дэмжлэг болно” гэж мэдэгджээ.
Гэвч Нью-Жерси мужийн амбан захирагч, Ардчилсан намын гишүүн Мики Шеррилл мужийнхаа боомт болон газрын тосны терминалын операторуудад анхааруулга хүргүүлсэн байна. Тэрбээр Оросын дизель түлш импортлох нь холбооны хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээхэд хүргэж болзошгүйг анхааруулжээ.
Тэрбээр даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ “Дональд Трамп америкчуудын эрх ашгийг хохироож, Владимир Путиныг дэмжиж байхад Нью-Жерси муж зүгээр хараад суухгүй” гэж дурдсан байна.
Мөн “Тэрбээр иргэдийн амьжиргааны зардлыг бууруулахын оронд Путины Украины эсрэг явуулж буй дайныг санхүүжүүлэхэд тусалж, гадаадад үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн алба хаагчдад аюул занал учруулж буй хүчирхийлэл, терроризмын дэлхий нийтийг хамарсан кампанит ажлыг дэмжиж байна” хэмээн шүүмжилжээ.
Брукингсийн хүрээлэнгийн Бен Харрисын хэлснээр, хувийн хэвшлийнхэн Оросын дизель түлшийг худалдан авахаас зайлсхийж байгаа аж. Тэрбээр “Оросын дизель түлш худалдан авах хүн олдохгүй байна. Хувийн хэвшлийнхний ёс суртахууны хэмжүүр Цагаан ордныхоос өөр байгааг бид харж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN