Украины Запорожье мужийн фронтын шугамын ойролцоох Камышеваха сууринд Оросын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 55-д хүрсэн талаар Украины Онцгой байдлын алба арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн өглөө мэдээлжээ.
Тус албаны мэдээлснээр, өнгөрсөн хоногт эрэн хайх ажиллагааны үеэр аврагчид нурангин дороос дахин есөн хүний цогцос болон хүний шарилын хэсгүүд олж гаргасан байна.
Аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж буй бөгөөд дайсны дахин цохилт өгөх аюул байнга тулгарч байгаа аж. Гэсэн хэдий ч Онцгой байдлын албаны аврагчид болон эрэлч нохойтой багийнхан нурсан барилга байгууламжийг цэвэрлэж, нутаг дэвсгэрийг нэг бүрчлэн шалган, амь үрэгдэгсдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдэгджээ.
Оросын зэвсэгт хүчин уг сууринд арваннэгдүгээр сарын 2-нд цохилт өгсөн аж. Украины эрх баригчдын мэдээлснээр, хүмүүнлэгийн тусламж тараах цэг болон иргэдийн хоргодох байр руу халдсан байна. Хүмүүнлэгийн тусламж тараах цэг нь сургуулийн байранд байрлаж байжээ.
НҮБ-ын Украины асуудал хариуцсан хүмүүнлэгийн зохицуулагч Маттиас Шмале уг халдлагыг эрс буруушаасан байна. Орон нутгийн эрх баригчдын өмнө нь мэдээлснээр, фронтын шугамын ойролцоо орших Камышеваха сууринд 200 орчим хүн үлдээд байсан бөгөөд сууринд амьдарч байсан бүх хүүхдийг нүүлгэн шилжүүлжээ.
Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгчээ
Арваннэгдүгээр сарын 7-нд шилжих шөнө Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний хэд хэдэн объектод өргөн хүрээг хамарсан цохилт өгсөн талаар тус улсын Эрчим хүчний яам мэдээлсэн байна.
Үүний улмаас өглөө нь Днепропетровск, Донецк, Киев, Житомир, Харьков мужийн зарим хэсэг цахилгаангүй болжээ. Цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнд олон тооны гэмтэл, эвдрэл гарсан гэж тус яамнаас мэдээлсэн байна. Гэхдээ хэрэглэгчдийн тодорхой хэсгийн цахилгаан хангамжийг сэргээж амжжээ.
Мөн Оросын халдлагын улмаас Чернигов хот бүхэлдээ цахилгаангүй болсон талаар тус хотын зөвлөл мэдээлсэн байна.
Украины төрийн өмчит “Нафтогаз Украины” компани төвийн бүс нутагт байрлах газрын тос, байгалийн хийн нэг объектод Оросын зэвсэгт хүчин нэг шөнийн дотор гурван удаа халдсан гэж мэдэгджээ. Халдлагын улмаас тухайн объектод дэлбэрэлт болж, гал гарсан ч хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна. Учирсан хохирлын хэмжээг одоогоор тогтоож байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Telegram хуудастаа "Орос улс АНУ, Украинтай хийх, дайныг дуусгах асуудлаарх гурван талт хэлэлцээнд бэлтгэж байгаа хэрнээ Украины амин чухал дэд бүтцийн объектууд руу баллистик пуужин харваж байна" хэмээн бичжээ.
Оросын зэвсэгт хүчний бусад халдлага
Днепропетровск мужийн дөрвөн дүүрэгт Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр нийт 20 удаа халдлага үйлдсэн талаар тус мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, Павлоград хотод орон сууцны барилгууд эвдэрч, гурван хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд 11 настай охин байжээ.
Мөн Оросын зэвсэгт хүчин шөнийн цагаар Украины нийслэл Киев хотод цохилт өгч, орон сууцны барилгууд болон дэд бүтцийн объектуудыг гэмтээсэн байна. Энэ халдлагын улмаас зургаан хүн шархаджээ.
Үүнээс гадна өмнөх өдөр Оросын цохилтын дараа нурангин дороос гаргаж авсан 66 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан талаар Киев мужийн Цэргийн захиргаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW