Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын (ТЕГ)-ын мэдээлснээр, ОХУ “Бюро 1440” компанийн бүтээж буй нам тойрог замын хиймэл дагуулын холбооны “Рассвет” системийг Украин руу чиглэсэн цохилт, довтолгоонд ашиглаж эхэлжээ.
Шинэ системийг Украины нутаг дэвсгэр дээр цэргийн зориулалтаар ашиглаж буй бөгөөд энэ нь цохилтын болон тагнуулын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн оновчтой ажиллагааг сайжруулах, мөн радиоэлектрон дайн, саатуулах хэрэгслийн нөлөөнд өртөхөөс хамгаалах чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой гэж Украины Тагнуулын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн “Reuters” агентлаг арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт мэдээлжээ.
“Рассвет” хиймэл дагуулын шинэ хөөргөлтүүдийг он дуустал хийхээр төлөвлөжээ
ОХУ-ын одоогийн хиймэл дагуулын бүлэглэл тооны хувьд хангалтгүй хэвээр байгаа аж. Украины нутаг дэвсгэрийг тасралтгүй холбоогоор хангах хэмжээний хиймэл дагуул одоогоор байхгүй байгаа талаар Украины Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов “Reuters” агентлагт тайлбарлажээ. Түүний хэлснээр, хиймэл дагуулууд тухайн бүс нутгийн дээгүүр нисэн өнгөрөх үед л холбоо түр хугацаанд ажилладаг байна.
Цэргийн шинжээчдийн тооцоолсноор, уг систем нь хоногт хоёр удаа холбоо тогтоох боломж олгодог бөгөөд тус бүр нэг цагаас илүү хугацаанд үргэлжилдэг аж. Энэ хугацаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдтэй бодит цагийн горимоор мэдээлэл солилцох боломж бүрдэж, операторууд даалгавар гүйцэтгэх явцад нь нислэгийн чиглэлийг өөрчлөн тохируулах боломжтой болдог байна.
Ингэснээр урьдчилан программчилсан нислэгийн маршрутаас хамаарах байдал буурч, улмаар ийм төрлийн нисгэгчгүй төхөөрөмжүүдийн эсрэг арга хэмжээ авахад илүү төвөгтэй болдог гэж шинжээчид үзжээ. Украины Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр, ОХУ он дуустал “Рассвет” системийн хиймэл дагуулуудыг дахин хөөргөхөөр төлөвлөсөн байна.
“Рассвет” сүлжээ АНУ-ын “Starlink”-ээс хүчин чадлаараа хол хоцорч байна
ОХУ-ын “Рассвет” хиймэл дагуулын системийг Илон Маскийн эзэмшлийн АНУ-ын “SpaceX” компанийн “Starlink” сүлжээний Оросын хувилбар буюу өрсөлдөгч систем гэж үздэг. Украин улс цэргийн зориулалттай “Starlink”-ийн “Starshield” системийг идэвхтэй ашиглаж буй бол ОХУ уг системд албан ёсны нэвтрэх эрхгүй аж.
Гэхдээ Оросын сүлжээ 10 мянга гаруй хиймэл дагуулаас бүрддэг “Starlink”-тэй харьцуулахад цар хүрээ, хүчин чадлын хувьд үлэмж хоцорч буй юм байна. Өмнө нь ОХУ энэ оны гуравдугаар болон долдугаар сард нийт 32 хиймэл дагуул тойрог замд гаргасан талаар мэдээлж байжээ.
Украины Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр, ОХУ “Рассвет” сүлжээний газарзүйн хамрах хүрээг тэлж, нам тойрог замын бүрэн хэмжээний хиймэл дагуулын холбооны систем байгуулахыг зорьж буй аж. Оросын тал 2035 он гэхэд “Рассвет” системийн 900 гаруй хиймэл дагуул сансарт гаргахаар төлөвлөжээ.
Украин улс уг сүлжээг байгуулах үйл явцад саад учруулахыг оролдож буй аж. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский уг системийг хөгжүүлэхэд оролцсон арван компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын Самара мужид байрлах, “Рассвет” системийн хиймэл дагуулыг сансарт хөөргөх зөөгч пуужин үйлдвэрлэдэг пуужингийн төвд цохилт өгчээ.
Эх сурвалж: DW