Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нийслэл Киев хотын захиргааг эрчим хүч, усан хангамжийн бэлтгэл хангалтгүй хийсэн гэж шүүмжилжээ. Киев хотын дарга Виталий Кличко уг мэдэгдлийг улс төрийн зорилготой, бодит байдлыг гуйвуулсан хэмээн няцаасан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт ОХУ-ын халдлагын улмаас Киев хотод ус, цахилгаан хангамж удаан хугацаагаар тасалдаж байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагуудыг шүүмжилжээ.

Тэрбээр оройн мэдэгдэлдээ “Хотын түвшинд бэлтгэл ажил хангалтгүй хийгдсэн” хэмээн онцолсон байна. Мөн үүсээд буй нөхцөл байдал нь халаалтын улиралд бэлтгэх чиглэлээр хотын удирдлагын түвшинд гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүйгээс гадна ОХУ-аас Украины эрчим хүчний салбарт явуулж буй ажиллагааны үр дагавар" гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн Засгийн газар эрчим хүчний компаниудын төлөөлөлтэй уулзаж, нэмэлт засварын баг ажиллуулах, эвдэрч гэмтсэн дэд бүтцийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх шаардлагын талаар хэлэлцсэн гэж мэдэгдсэн байна.

Кличко Зеленскийн шүүмжлэлд хариу барив

Украины Ерөнхийлөгчийн мэдэгдэл нийтлэгдсэнээс хэдхэн цагийн дараа Киев хотын дарга Виталий Кличко хариу тайлбар хийжээ.

Тэрбээр өөрийн Telegram сувагтаа “Нийслэл хот Украины эрчим хүчний дэд бүтцийн эсрэг Оросын явуулж буй ажиллагаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой байсан юм бэ? Киев хотын бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ямар хурал, хэнтэй хэлэлцэж байгаа юм бэ? Яагаад нийслэлийн захиргааны төлөөллийг тэдгээр уулзалтад урьдаггүй юм бэ?” хэмээн асуусан байна.

Мөн Украины эрчим хүчний систем нь улс даяар харилцан холбогдсон нэгдсэн сүлжээ гэдгийг Ерөнхийлөгч мэдэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Улс орны хэмжээнд эрчим хүчний системийг бүхэлд нь сүйтгэж байхад нэг бүс нутагт цахилгаан гэрэлтэж, нөгөө хэсэгт нь Кличко бүхнийг унтраачихсан мэтээр ойлгож болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Кличко цааш нь “Төв засгийн газраас Киевийг хамгийн муу ажиллаж буй хот мэтээр байнга харуулах, тасралтгүй манипуляци хийх, худал мэдээлэл тараах нь буруу. Кличкогоос салах гэсэн оролдлогынхоо хүрээнд нийслэлд тусламж үзүүлэхгүй байгаа төв засгийн газар үнэн хэрэгтээ Киевийг сүйрүүлж байна” хэмээн шүүмжилжээ.

Зеленский: Оросын халдлагын хор уршгийг арилгахад Зэвсэгт хүчин оролцоно

Арваннэгдүгээр сарын 6-ны орой хийсэн мэдэгдэлдээ Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд үзүүлэх халдлагаа эрчимжүүлж буйтай холбогдуулан засварын багуудын тоог нэмэгдүүлэхээс гадна Украины Зэвсэгт хүчнийг дайчлан, халдлагын үр дагаврыг арилгахад туслуулахаар болсон талаар мэдээлжээ.

Тэрбээр “Оросын хэрэглэж буй тактик бол цахилгаан дамжуулах шугам, трансформатор, цахилгаан түгээх байгууламжуудыг устгах явдал юм. Иймээс зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хангалттай байгаа ч харамсалтай нь бусад газарт эрчим хүчний хомсдол үүссээр байна. Үүнийг засвар, сэргээн босголтын ажлаар шийдвэрлэх боломжтой бөгөөд хамгийн чухал нь ажлын хурд юм” хэмээн онцолсон байна.

ОХУ намраас эхлэн Украины эрчим хүчний дэд бүтцэд хийх халдлагаа эрчимжүүлжээ

Сүүлийн долоо хоногуудад Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хийх довтолгоогоо эрчимжүүлсэн байна.

Үүний улмаас Украины сая сая иргэн намрын хүйтний улиралд халаалтгүй амьдрахын зэрэгцээ цахилгаан, усан хангамжийн тасалдалтай нүүр тулж байгаа аж.

Эх сурвалж: DW