Монгол Улсын байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин соёл, түүх, уламжлал олон улсын аялагчдын анхаарлыг улам бүр татаж буйг илтгэсэн нэгэн таатай мэдээ дуулдав.
Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх арга хэмжээ болох “WTM London” үзэсгэлэнгийн хүрээнд Их Британийн Лондон хотноо энэ сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан аялал жуулчлалын салбарын нэр хүндтэй шагнал гардуулах “Wanderlust Reader Travel Awards 2026” ёслолын үеэр Монгол Улс олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авчээ.
Тодруулбал, Монгол Улс “Most Desirable Emerging Destination” буюу аялагчдын хамгийн ихээр зорихыг хүсэж буй, шинээр хөгжиж буй аялал жуулчлалын чиглэл гэсэн ангилалд дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарч, долдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Энэхүү амжилт нь Монгол орны онгон дагшин байгаль, уудам тал нутаг, нүүдэлчин ахуй соёл, өв уламжлал, түүхэн дурсгалт газрууд болон дахин давтагдашгүй аяллын туршлага дэлхийн аялагчдын сонирхлыг татаж буйн бодит илрэл болохыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлжээ.
25 жилийн түүхтэй “Wanderlust Reader Travel Awards” нь аялал жуулчлалын салбарын нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд “Wanderlust” сэтгүүлийн уншигчдын олон нийтийн санал асуулгад үндэслэн дэлхийн хамгийн ихээр зорин очихыг хүсдэг улс орон, аяллын чиглэл, тур оператор болон салбарын шилдэг брэндүүдийг тодруулдгаараа онцлогтой.
Монгол Улс ийнхүү олон улсын аялагчдын сонирхлыг татсан шинээр хөгжиж буй аяллын чиглэлүүдийн нэгээр нэрлэгдсэн нь манай улсын аялал жуулчлалын салбарын олон улсын өрсөлдөх чадвар, сурталчилгаа, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Нөгөө талаас, манай улсыг зорин ирэх жуулчдын тоо ч өсөх хандлагатай байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс 930 мянга орчим жуулчин хүлээн авсан статистик үзүүлэлттэй. Үүний 310 мянга гаруй нь ОХУ, 225 мянга орчим нь БНХАУ, 140 мянга орчим нь БНСУ, 40 мянга гаруй нь Япон, 20 мянга орчим нь АНУ-аас ирсэн жуулчид байна.
Дэлхийд танигдах Монголын аялал жуулчлал
Монгол Улс дэлхийн аялагчдын сонирхлыг татсан шилдэг чиглэлүүдийн нэгээр шалгарсан нь зөвхөн нэг удаагийн шагнал, амжилт төдий бус, харин эх орныхоо байгаль, соёл, түүх, уламжлалыг дэлхийд таниулах асар их боломж байгааг харуулж байна.
Уудам тал, сүрлэг уулс, говийн гайхамшиг, нүүдэлчин ахуй, зочломтгой зан заншил гээд Монголд л мэдрэх боломжтой аяллын үнэ цэн дэлхийн жуулчдын анхаарлыг татсаар. Монгол орон дэлхийн газрын зураг дээр зөвхөн нэгэн улс бус, мартагдашгүй аяллын өвөрмөц ертөнц болон тодорч байна.

Э.ЭГШИГЛЭН