Украины Киев муж арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт шилжих шөнө ОХУ-ын зэвсэгт хүчний ээлжит халдлагад өртсөн талаар тус мужийн Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко мэдээлжээ. Түүний мэдээлснээр, халдлагын улмаас Борисполь дүүрэгт гурван хүн гэмтэж, хувийн орон сууц болон аж ахуйн зориулалттай барилга шатсан байна.

Мөн Белая Церковь болон Обухов дүүрэгт эрчим хүчний дэд бүтцийн объектууд эвдэрч гэмтсэнийг Ткаченко мэдэгдсэн боловч Оросын цэргүүд ямар төрлийн зэвсэг ашигласан талаар тодорхой мэдээлээгүй байна.

Түүнчлэн Обухов дүүрэгт байрлах нэгэн боловсролын байгууллагын хичээлийн байр болон оюутны дотуур байр шөнийн халдлагад өртөж, эвдэрчээ. Харин Белая Церковь хотын захиргаа арваннэгдүгээр сарын 5-ны орой хотын нийгэмлэгийн эрчим хүчний дэд бүтцэд тийрэлтэт хөдөлгүүрт нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халдсан талаар мэдээлсэн байна.

Украины долоон мужид цахилгаан тасарчээ

ОХУ-ын шөнийн болон өглөөний халдлагын улмаас арваннэгдүгээр сарын 6-нд Украины Винница, Днепропетровск, Житомир, Запорожье, Киев, Харьков, Чернигов мужид цахилгаан эрчим хүч тасарсан талаар тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.

Нөхцөл байдал хангалттай аюулгүй болсон бүсүүдэд мэргэжилтнүүд засвар, сэргээн босголтын ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Тус яамны мэдээлснээр, хамгийн хүнд нөхцөл Киев мужид үүссэн бөгөөд эрчим хүчний сүлжээний ачааллыг зохицуулахын тулд цахилгаан хангамжид хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрчээ.

Мөн Ровно мужийн Сарны дүүргийн нэгэн тосгонд өглөө Оросын цохилт өгсний улмаас нэг эрэгтэй амиа алдсан талаар тус мужийн Цэргийн захиргааны дарга Александр Коваль мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр, халдлагын улмаас нэгэн байшин болон ачааны автомашин эвдэрчээ.

Днепропетровск мужийн Каменское хотод өгсөн цохилтын улмаас спорт цогцолборт гал гарсан байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, нэг хүн гэмтэж, гал түймрийг унтраажээ.

Украины цэргийн хүчний мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 5-ны 18:00 цагаас хойш тус улсын нутаг дэвсгэрт нийт 227 нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халдсан байна. Үүнээс 196-г нь устгаж, эсвэл электрон саатуулах аргаар ажиллагаагүй болгосны дотор тийрэлтэт хөдөлгүүрт 70 дрон, “Гербера” болон бусад төрлийн төхөөрөмж багтжээ.

Халдлагын улмаас 14 байршилд дрон шууд оногдсон бол найман байршилд унасан хэлтэрхий бүртгэгдсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэл

ОХУ-ын Батлан хамгаалах яам арваннэгдүгээр сарын 6-ны өглөө хийсэн мэдэгдэлдээ, шөнийн халдлагад нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд ашигласан гэжээ.

Тус яамны тайлбарласнаар, халдлагын бай нь Белая Церковь хотод байрлах, Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын объектуудыг цахилгаанаар хангадаг эрчим хүч хуримтлуулах аккумуляторын парк болон Одессын боомтод байсан хуурай ачааны хөлөг онгоц байжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Уг хөлөг Украин руу давхар зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байсан" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW