ОХУ Украины Запорож мужийн фронтын шугамын ойролцоох Камышеваха сууринд агаарын бөмбөгөөр цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 53-т хүрсэн талаар тус мужийн Цэргийн захиргааны үүрэг гүйцэтгэгч дарга Михаил Семикин арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт мэдээлжээ.

Тус сууринд арваннэгдүгээр сарын 2-ны өдөр агаарын цохилт өгсөн байна. Украины эрх баригчдын мэдээлснээр, ОХУ-ын зэвсэгт хүчин сургуулийн байранд байрлаж байсан хүмүүнлэгийн тусламж түгээх цэг болон иргэдийн хоргодох байрыг онилон довтолсон аж.

Михаил Семикин “Эмгэнэлт явдал болсон газарт эрэн хайх, аврах ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна” хэмээн Telegram хуудастаа бичжээ. Түүний өмнө нь мэдээлснээр, Камышеваха сууринд одоогоор 200 орчим хүн үлдсэн байна.

2026 он гарснаас хойш тус суурингаас нийт 166 хүнийг нүүлгэн шилжүүлсний дотор 77 өндөр настан, бие махбодын хөгжлийн онцлогтой 33 иргэн багтжээ. Мөн зургадугаар сард хэрэгжүүлсэн албадан нүүлгэн шилжүүлэлтийн хүрээнд тус сууринд амьдарч байсан 11 хүүхдийг бүгдийг нь аюулгүй газарт шилжүүлсэн байна.

НҮБ-аас халдлагыг эрс буруушаав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, Камышеваха суурин дахь хүмүүнлэгийн тусламж түгээх цэгт нийт есөн ширхэг агаарын бөмбөгөөр цохилт өгчээ.

Тэрбээр “Эхлээд хүмүүнлэгийн тусламж авахаар ирсэн иргэдийг онилон довтолсон. Үүний дараа хэргийн газарт хүрэлцэн ирсэн аврагчид болон цагдаагийн ажилтнууд руу дахин цохилт өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. Харин НҮБ-ын Украины асуудал хариуцсан хүмүүнлэгийн зохицуулагч Маттиас Шмале уг халдлагыг өмнө нь эрс буруушаажээ.

Тэрбээр “Фронтын шугамын ойролцоо амьдарч буй хүмүүс аль хэдийнэ асар их бэрхшээл, зовлон туулж байна. Амьдралд нэн шаардлагатай тусламж авах, хоргодох байр эрж очихдоо амь насаа алдах аюултай байна гэдэг үнэхээр аймшигтай” хэмээн онцолсон байна.

НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж авах, аюулгүй газар хоргодохоор зорьж буй энгийн иргэд болон тэдэнд тусламж хүргэж буй ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатайг ийнхүү дахин сануулжээ.

Эх сурвалж: DW