АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 5-ны пүрэв гарагт Вашингтон хотноо ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй уулзжээ. Уулзалтын дараа Цагаан ордны тэргүүн ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайныг зогсоох зорилготой өргөн хүрээний хэлэлцээр байгуулах боломжтойг цухуйлгасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ бол өргөн хүрээтэй хэлэлцээр байх бөгөөд зөвхөн Украины асуудлаар хязгаарлагдахгүй. Бүр бүх Европыг хамарч ч магадгүй гэж би хэлнэ. Энэ бол том, гайхалтай хэлэлцээр байх бөгөөд хүн бүр сэтгэл хангалуун үлдэнэ” хэмээн мэдэгджээ. Гэхдээ Трамп Кремлийн төлөөлөгчтэй яг ямар асуудлаар ярилцсан талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Мелания Трамп Вашингтонд Орос, Украины төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Цагаан ордны тэргүүн Вашингтонд хүрэлцэн ирсэн Украины төлөөлөгчидтэй биечлэн уулзаагүй байна. Харин үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп ОХУ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Яна Лантратова, Кирилл Дмитриев нарын хамт Украины Дээд Радын Хүний эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Лубинец болон Украины парламентын “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Давид Арахамия нарыг хүлээн авч уулзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий өөрийн оролцоотойгоор тохиролцсон, ОХУ-ын хяналтад байгаа Олешки хотод хэрэгжүүлсэн зургаан өдрийн гал зогсоох тохиролцоо нь “илүү тогтвортой энх тайванд” хүргэх эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Кушнер: АНУ аюулгүй байдлын асуудлаар бүх талын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг зорьж байна

Мөн энэ өдөр Цагаан ордны тэргүүний хүргэн Жаред Кушнер Брюссель хотод АНУ, Украин, НАТО болон Европын түншүүдийн төлөөлөгчдийн хооронд үр дүнтэй, агуулга бүхий зөвлөлдөх уулзалтууд болсныг мэдээлжээ. Тэрбээр нийгмийн сүлжээний X платформд нийтлэхдээ, уулзалтаар тогтвортой энх тайвныг бүрдүүлэхэд харилцан уялдаатай, нэн чухал хоёр асуудлыг хэлэлцсэн гэж тэмдэглэсэн байна. Үүнд:

Украины аюулгүй байдлын баталгаа;
Европын аюулгүй байдлын илүү өргөн хүрээний тогтолцоо.
Мөн АНУ аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхдээ бүх талын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг зорьж байгааг Кушнер онцолжээ.

Орос, Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10, 11-нд Абу-Даби хотод дахин хэлэлцээ хийнэ

ОХУ, Украин хоёр улсын төлөөлөгчид АНУ-ын зуучлалтайгаар арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад хэлэлцээний шинэ шат зохион байгуулахаар төлөвлөж байна.

Абу-Даби хотод болох уулзалтаар дайны дараах үеийн аюулгүй байдал, хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ болон хүмүүнлэгийн санаачилгууд зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф өмнө нь мэдээлжээ.

Вашингтон хэлэлцээг аль болох агуулга, үр дүнтэй болгох зорилгоор хоёр талтай хоёулантай нь хамтран ажиллаж, “нухацтай санал, санаачилгууд” боловсруулах ажлыг үргэлжлүүлж байгааг Кушнер мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW