Францын томоохон хотуудад арваннэгдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьсан өргөн хүрээний жагсаал, цуглаан болжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, жагсаалд нийт 575 мянга орчим хүн оролцсон бол Францын хамгийн том үйлдвэрчний эвлэл болох CGT оролцогчдын тоог 1.6 саяд хүрсэн гэж тооцсон байна.

Жагсаал улс орон даяар өрнөж, Марсель, Нант, Лион, Бордо, Страсбург зэрэг хотод цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Үүний улмаас улс даяар нийт 448 хүнийг саатуулсан байна.

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зарим хотод цагдаагийн алба хаагчид радикал үзэлтэй бүлэг хүмүүсийн халдлагад өртсөн бөгөөд жагсаалын үеэр 86 удаагийн галдан шатаасан хэрэг бүртгэгджээ.

Мөн хэд хэдэн хотод сургууль, боловсролын байгууллагууд эвдэрч сүйдсэн байна. Тухайлбал, Тулуз хотод жагсагчид сургуулийн барилгад гал тавьж, анги танхимыг сүйтгэн, компьютер тоног төхөөрөмжийг устгажээ.

Парисын Ла-Курнёв дүүрэгт сургуулийн бүслэлтэд оролцож байсан сурагч хутгалуулсан бол Лилль хотод сургуулийн үүд хэсэгт гал гарсны улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Үйлдвэрчний эвлэлүүд цалинг 100 еврогоор нэмэгдүүлэхийг шаардав

Жагсаал зохион байгуулагч үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа аж.

Францын Ардчилсан хөдөлмөрийн холбоо (CFDT)-ны тэргүүн Марилиз Леон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг татвар, шимтгэл суутгасны дараах дүнгээр 100 еврогоор нэмэгдүүлэх санал гаргажээ.

Харин CGT холбооны тэргүүн Софи Бине сүүлийн 10 жилийн хугацаанд Францын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Европын бусад оронтой харьцуулахад хамгийн бага өссөн хэмээн шүүмжилсэн байна.

Одоогийн байдлаар Францад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 12.31 евро байгаа бөгөөд долоо хоногт 35 цаг ажилладаг хүний сарын үндсэн цалин татварын өмнөх дүнгээр ойролцоогоор 1,867 евро аж. Харин Германд 2027 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 14.60 евро болгохоор төлөвлөжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Францад амьжиргааны өртгийн өсөлт болон боловсролын тогтолцооны нөхцөл байдлыг эсэргүүцсэн жагсаал мөн өрнөж, тухайн үед 1,000 орчим хүнийг саатуулсан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага Францад ийнхүү дахин өргөн хүрээний эсэргүүцэл үүсгэж, цалин хөлс, амьжиргааны өртөг, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлыг улс орны анхаарлын төвд авчирчээ.

Эх сурвалж: DW, DPA.