АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп арваннэгдүгээр сарын 5-нд Цагаан ордонд Орос, Украины төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр тэрбээр Украины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Олешки хотод хэрэгжүүлсэн зургаан өдрийн гал зогсоох тохиролцоо нь урт хугацааны энх тайванд хүрэх эхлэл болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Мелания Трамп Олешки хотод байгуулсан түр гал зогсоох тохиролцоог "илүү тогтвортой энх тайван тогтоох боломж" хэмээн тодорхойлж, АНУ-ын оролцоотойгоор Орос, Украины талууд түр хугацааны гал зогсоохоос илүү урт хугацаанд үргэлжлэх энхийн шийдэлд хүрч чадна гэж итгэж буйгаа мэдэгдсэн байна.
Мөн энэхүү тохиролцоонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын оролцоо чухал байсныг онцолжээ. Мелания Трамп хоёр улсын удирдагчдад тус бүрд нь хаяглан хувийн захидал бичсэн бөгөөд тэдгээрийг төлөөлөгчдөөр нь дамжуулан хүргүүлэхээр болсон байна.
Уулзалтад хоёр улсын төлөөлөгчид оролцов
Уулзалтад ОХУ-аас тус улсын Хүний эрхийн комиссар Яна Лантратова, Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцжээ. Харин Украины талаас Дээд Радын Хүний эрхийн төлөөлөгч Дмитрий Лубинец болон парламент дахь “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Давид Арахамия нар хүрэлцэн ирсэн байна.
Энэ үеэр Украины төлөөлөгч Дмитрий Лубинец Мелания Трампад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигаар олгосон Ольга гүнжийн I зэргийн одонг гардуулжээ. Харин Оросын төлөөлөгч Кирилл Дмитриев Олешки хотын нэгэн охины зурсан зургийг түүнд дурсгал болгон өгсөн байна.
Олешки хотод зургаан өдрийн турш гал зогсоох тохиролцоо хэрэгжжээ
ОХУ-ын хяналтад байгаа Украины өмнөд хэсгийн Олешки хот болон ойр орчмын бүс нутагт аравдугаар сарын 27-ны өглөөнөөс арваннэгдүгээр сарын 1-ний орой хүртэл гал зогсоох тохиролцоо хэрэгжсэн байна.
Уг тохиролцооны хүрээнд фронтын шугамын ойролцоо орших хотоос нүүх хүсэлтэй 800 орчим иргэнийг Орос болон Украины чиглэлд нүүлгэн шилжүүлжээ. Харин хотод үлдэхээр шийдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн байна.
Олешки хотод хэрэгжүүлсэн түр гал зогсоох тохиролцоо ийнхүү хоёр улсын хооронд хүмүүнлэгийн асуудлаар хамтран ажиллах боломжийг харуулсан үйл явдал болсныг уулзалтын үеэр онцолжээ.
Эх сурвалж: DW, AFP