МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн зургаан сургуулийн 1,219 сурагчийг хамруулсан “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026”-г танилцуулав.
Судалгаагаар 1-5 дугаар ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгаа нь тогтоогджээ. Харин 1-12 дугаар ангийн сурагчдын цүнхний дундаж жин 5.3 кг байгаа аж.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, сурагчийн цүнхний жин хүүхдийн биеийн жингийн 5-10 хувьд багтах нь зохистой ч судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хувьд энэ үзүүлэлт хэт өндөр байгаа нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг харуулжээ.
Цүнхний нийт жингийн 60-70 хувийг сурах бичиг, дэвтэр, бичгийн хэрэгсэл эзэлж байгаа бөгөөд хичээлийн хуваарь, тухайн өдөр үзэх хичээлийн тоо ч цүнхний жинд шууд нөлөөлдөг байна. Тухайлбал, найман хичээлийн ном, дэвтрийг авч явахад 3-4 кг хүрэх тохиолдол бий аж.
Хүнд цүнх удаан хугацаанд үүрэх нь хүүхдийн хүзүү, мөр, нурууны булчинд ачаалал өгөх, биеийн зөв байрлал алдагдах, тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг судлаачид анхаарууллаа.
Цүнхний жинг бууруулах чиглэлээр Боловсролын ерөнхий газраас нэгдүгээр ангийн сурах бичгийг улирлын агуулгаар хоёр хэсэг болгон хэвлэж эхэлсэн, цаашид 2-5 дугаар ангийн сурах бичгийг ч энэ зарчмаар шинэчлэхээр төлөвлөжээ.
Судлаачид сурагчдын цүнхний жинг бууруулахын тулд сурах бичгийн жинг багасгах, хичээлийн хуваарийг оновчтой зохицуулах, сургуулийн орчинд ном, хэрэглэгдэхүүн хадгалах нөхцөл бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн өдрийн хичээлд шаардлагатай ном, дэвтрийг л цүнхэнд нь хийхэд анхаарах хэрэгтэйг зөвлөжээ.