Майкрософт компанийн 60 мянган ажилтныг хамарсан сайн дурын ажлаас гарах хөтөлбөрийн тухай мэдээлэл цацагдахтай зэрэгцэн Билл Гейтс хиймэл оюун ухааны ирээдүйн талаар таамаг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар, хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны үр өгөөжийг бүрэн хүртэхээс өмнө нийгмийн томоохон өөрчлөлт, шилжилтийн үеийг туулах аж.
Майкрософтыг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралыг хэрхэн өөрчлөх талаар дахин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр биднийг хиймэл оюун ухааны хөгжлийн үр шимийг бүрэн хүртэхээс өмнөх 20 жилийн шилжилтийн үед хэдийнэ орж ирсэн гэж үзэж байна.
2000 онд Майкрософт компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусан Гейтс саяхан The Verge сайтын Decoder подкастад оролцох үеэрээ энэ талаар ярьжээ. Тэрбээр ирээдүйд зарим хүмүүс технологийн дэвшлээс зориуд зай барьж, Америкийн Амиш нийгэмлэгийнхний адил амьдралын хэв маягийг сонгож магадгүй хэмээн таамагласан байна.
Гейтс “Миний хамгийн их санаа зовж буй зүйл бол энэ 20 жилийн шилжилтийн үе юм. Энэ хугацаанд ялагчид, ялагдагсад бий болж, нийгэмд асар их өөрчлөлт, үймээн самуун өрнөнө. Бид элбэг дэлбэг байдлын эрин үед хүрэхийн тулд эхлээд энэ үеийг даван туулах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Подкастын үеэр тэрбээр хиймэл оюун ухааныг нийгмийн өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд аюулгүй байдлыг нь хангаж, зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байна.
Тэрбээр подкастын хөтлөгч Нилай Пателд “Олон компани хоорондоо өрсөлдөж эхэлсэн нөхцөлд хариуцлагыг зөвхөн компаниудад даатгаж болохгүй. Энэ бол ойлгомжтой зүйл.
Бусад аюул дагуулж болзошгүй бүтээгдэхүүний нэгэн адил хариуцлага төр засагт ногдох ёстой. Гэхдээ энд яригдаж буй өөрчлөлтийн цар хүрээ, нөлөөлөл бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өчүүхэн бага зүйл биш, харин хавьгүй том юм.
Бид биотерроризмыг дэмжихийг хүсэхгүй. Бид үндэсний хэмжээний байгууллагуудын, тэр дундаа хамгийн том гүрнүүдийн ч гар дээрээс асар их хор хөнөөл учруулах боломжийг авч хаяхуйц зүйл бүтээчихээд байна” гэж хэлжээ.
Хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг орлох уу?
Ирээдүйд хиймэл оюун ухаан ажлын байрыг олноор нь үгүй хийх вий гэсэн болгоомжлол нийгэмд нэмэгдэж буй. Харин Гейтсийн үзэж буйгаар, энэ технологийг хэрхэн ашиглах нь хүн төрөлхтний өөрсдийнх нь сонголтоос хамаарах аж.
Өдгөө 71 настай Гейтс “Хэрэв бид хөгжлийг нь эрс удаашруулах, эсвэл бүр зогсоохоор шийдэхгүй бол байшин барьж, хүнс тариалж, мэс засал хийх чадвартай роботуудтай болно.
Тэгвэл эдийн засагт хүний хөдөлмөрөөр дамжуулан бий болгодог зүйлсийн ихэнх нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд шаардлагагүй болж магадгүй” хэмээн ярьсан байна.
Тэрбээр цааш нь “Бидэнд үнэхээр сонголт бий болно. Технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлээс хол амьдардаг хүмүүсийн бүлгүүд өмнө нь ч байсан. Тэдний тоо олон биш ч амишчуудыг жишээ болгон дурдаж болно.
Хиймэл оюун ухаан аливаа зүйлийг биднээс илүү сайн хийж чаддаг байсан ч бид зарим ажлыг өөрсдөө хийхийг сонгож магадгүй.
Хүн төрөлхтний нэлээд хэсэг нь технологийн хамгийн дэвшилтэт түвшинд амьдрахыг хүсэхгүй байж болно. Учир нь, бид бие биедээ туслах, өөрсдийн өвөрмөц санаа, бүтээлч байдлыг бий болгох явцдаа үнэ цэнтэй зүйлсийг олж авдаг” гэжээ.
Гейтс подкастын ярилцлагаа "Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их өөрчлөлт, донсолгоо дагуулсан үеүдийн нэг байх болно" хэмээн дүгнэн өндөрлөсөн байна.
Майкрософт 60 мянган ажилтандаа ажлаас сайн дураар гарах санал тавьжээ
Гейтсийн ярилцлага олон нийтийн анхаарал татаж буй энэ үед Financial Times сонин Майкрософт компани 60 мянган ажилтнаа хамарсан сайн дурын ажлаас гарах хөтөлбөр санал болгосон талаар мэдээлжээ.
Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюун ухааны дэд бүтцийг бий болгох, өргөжүүлэхэд шаардагдах зардлыг нөхөхтэй холбоотой байж болзошгүй гэж мэдээлэлд дурдсан байна.
Эх сурвалж: UNILAD