Криштиану Роналду хөлбөмбөгийн спортоос зодог тайлж буйгаа мэдэгдсэн шинэ мэдэгдэл гаргажээ. Тэрбээр Instagram хуудсаараа дамжуулан нийтэлсэн сэтгэл хөдөлгөм дүрс бичлэгтээ Португалын шигшээ багаас зодог тайлж, үндэсний шигшээ багийнхаа 7 дугаартай өмсгөлийг ирээдүй хойч үедээ шилжүүлэн өгөх болсноо зарласан байна.

Роналду дүрс бичлэгтээ “Португалын ард түмэндээ хандаж хэлэхэд, үндэсний шигшээ багийнхаа 7 дугаартай өмсгөлийг буцаан өгөх өдөр иржээ. Энэ баг бол бид бүгдийн баг юм.

Би энэ өмсгөлийг хэзээ ч зөвхөн өөрийнхөө өмч гэж бодож байгаагүй. Харин 23 жилийн турш түүнийг өмсөж, хамгаалж, дэлхийн өнцөг булан бүрийн цэнгэлдэх хүрээлэнд авч явах нэр төрийн хэрэг, хариуцлагыг хүлээж ирсэн юм. Өнөөдөр энэ эрхэм үүргийг ирээдүй хойч үедээ шилжүүлэх цаг ирлээ” хэмээн ярьжээ.

Тэрбээр цааш нь “Энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй. Учир нь, зарим шийдвэрийг зөвхөн ухаанаар гаргадаггүй, бас зүрх сэтгэлээрээ шийдэх үе байх юм” хэмээн онцолсон байна.

Роналдугийн мэргэжлийн спортын замнал 2003 оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд энэ нь түүний амьдралыг үүрд өөрчилсөн түүхтэй. Тэр цагаас хойш эх орныхоо шигшээ багийн төлөө 200 гаруй тоглолтод оролцож, нийт 146 гоол оруулсан гэж Sky Sports мэдээлжээ.

Өдгөө 41 настай Роналду саяхан олон жилийн турш хамтран амьдарсан найз бүсгүй Жоржина Родригестэй гэрлэсэн билээ.

Cristiano Ronaldo is officially retiring from soccer (Jose Manuel Alvarez Rey/Getty Images)

Тэрбээр шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн он жилүүдээ эргэн дурсахдаа “Би шигшээ багийнхаа төлөө тоглосон бүх хугацаандаа өөрийнхөө боломж, хязгаарыг даван туулахыг үргэлж хичээж ирсэн. Би ялалт байгуулахыг, хамгийн шилдэг нь байхыг, түүх бүтээхийг хүсдэг байсан.

Би өөртөө үргэлж өндөр шаардлага тавьдаг байлаа. Үргэлж илүү ихийг хүсэж, бид үүнээс ч илүү амжилтад хүрч чадна гэдэгт итгэдэг байсан. Энэ өмсгөлийн төлөө өөрт байсан бүхнээ зориулсан.

Мартагдашгүй сайхан өдөр, үдшүүд байлаа. Хэзээ ч мартахгүй ялалтууд байсан. Бас одоо ч эргэн санахад өвдөлт мэдрүүлдэг ялагдлууд ч байсан.

Би заримдаа алдаж байсан. Шаналж байсан. Португалын ард түмний маш их хүсэж байсан амжилтыг тэдэнд өгч чадаагүй мөчүүд ч байсан. Гэхдээ би хэзээ ч бууж өгөөгүй. Хамгийн гол нь, Португалыг төлөөлөн тоглож байгаадаа бахархах сэтгэлээ хэзээ ч алдаж байгаагүй” хэмээн өгүүлжээ.

Роналду бол хөлбөмбөгийн ертөнцөд 7 дугаартай өмсгөлөөрөө алдартай тамирчин билээ. Түүний Instagram хуудсыг дагадаг 679 сая орчим хэрэглэгчийн олонх нь уг дүрс бичлэгт хэдийнэ сэтгэгдлээ үлдээжээ.

Нэгэн хэрэглэгч “Домогт хүн байсан, цаашид ч домог хэвээр үлдэнэ. Бидэнд бэлэглэсэн хамгийн сайхан мөчүүдэд баярлалаа” хэмээн бичсэн байна. Өөр нэгэн хэрэглэгч “Криштиану Роналду бол бүх цаг үеийн хамгийн шилдэг нь” гэжээ. Харин гурав дахь хэрэглэгч түүнийг “Хөлбөмбөгийн бурхан” хэмээн өргөмжилсөн байна.

23 жил. 146 гоол. Нэг үндэстэн. Нэг домог.

Криштиану Роналдугийн хувьд 7 дугаартай өмсгөл бол зүгээр нэг спортын хувцас байгаагүй. Энэ бол түүний залуу нас, мөрөөдөл, хичээл зүтгэл, ялалт, ялагдал, эх орноороо бахархах сэтгэлийн бэлгэдэл байв.

Тэрбээр дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг болж чадсан ч өөрийнх нь хэлснээр энэ замналд бүх зүйл үргэлж дардан байгаагүй. Ялагдал, шаналал, харамсал дунд ч бууж өгөөгүй нь түүний амжилтын нэгэн том нууц юм.

Эх сурвалж: UNILAD, SKY SPORTS