АНУ-ын Мичиган мужийн Сенатын сул суудлын төлөөх ширүүн өрсөлдөөнд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэвшилтэт үзэл баримтлалыг дэмжигч Абдул Эль-Сайед Бүгд найрамдах намын нэр дэвшигч Майк Рожерсыг ялав. АНУ-ын улс төрийн чухал өрсөлдөөнт мужуудын нэг болох Мичиган мужид Ардчилсан намын зүүний жигүүр ийнхүү томоохон ялалт байгуулж, улс төрийн хүчээ харуулжээ.
Египетийн цагаач гэр бүлээс гаралтай Абдул Эль-Сайед АНУ-ын түүхэнд Сенатын анхны мусульман хүн болсноороо бичигдэж байна. Бид энэ уда "HUMAN" буландаа түүний тухай сонирхолтой мэдээллийг онцоллоо.
Нийгмийн эрүүл мэндийн салбарт төрийн алба хашиж байсан тэрбээр өмнө нь сонгуульт улс төрийн албан тушаал хашиж байгаагүй нэгэн аж.
Найман жилийн өмнө Мичиган мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан намын дотоод сунгаанд хоёр оронтой тооны хувиар ялагдаж байсан тэрбээр энэ удаа АНУ-ын Сенатын суудалд ялалт байгуулж чаджээ.
Тэрбээр лхагва гарагийн үүрээр Детройт хотод цугларсан дэмжигчдийнхээ өмнө ялалтаа зарлахдаа “Та бүхэн магадлал хамгийн багатай нэр дэвшигчид итгэл хүлээлгэж, боломж олголоо. Баярлалаа. Энэ бүхэн та бүхний ялалт юм” хэмээн хэлжээ.
Эль-Сайед Ардчилсан намын дотоод сунгаа болон үндсэн сонгуулийн аль алинд нь гаднын санхүүжилттэй улс төрийн томоохон кампанит ажлуудын эсрэг, иргэдийн сайн дурын оролцоо, олон нийтийн дэмжлэгт тулгуурласан сонгуулийн кампанит ажил өрнүүлж ялалт байгуулсан аж.
Түүний мөрийн хөтөлбөрийн гол цөм нь бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн үйлчилгээ, сонгуулийн санхүүжилтэд гаднын хөрөнгийн нөлөөг арилгах, Израилийн бодлогод шүүмжлэлтэй хандах байр суурь байжээ.
Төлөөлөгч Александрия Окасио-Кортес зэрэг дэвшилтэт үзэл баримтлалтай улс төрийн нөлөө бүхий хүмүүс түүнийг дэмжжээ.
Түүний ялалт 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дэвшилтэт үзэл баримтлалтай улс төрийн хөдөлгөөний байр суурийг бэхжүүлж, уг хөдөлгөөний бодлого, хөтөлбөрийг дэмжсэн нэр дэвшигчид өрсөлдөөн ихтэй мужуудад ч ялалт байгуулж чаддагийг харуулсан чухал жишээ болж магадгүй аж.
Ардчилсан нам улс орон даяар томоохон амжилт гаргаж, улс төрийн өрсөлдөөн ширүүн мужууд төдийгүй Бүгд найрамдах намын уламжлалт дэмжлэгтэй мужуудад ч ялалт байгуулан Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоогоод буй.
Бүгд найрамдах намынхан өмнөх Конгрессын гишүүн Майк Рожерсыг нэр дэвшүүлэхийн тулд бусад өрсөлдөгчдийн оролцоог хязгаарлан, түүний нэр дэвшихийг дэмжжээ. Рожерс хоёр жилийн өмнөх Сенатын сонгуульд тухайн үеийн Конгрессын гишүүн Элисса Слоткинд тун бага зөрүүгээр ялагдаж байсан аж.
Энэ удаа тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампад үнэнч байх байр суурь болон Ирантай хийж буй дайны улмаас өссөн бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнийн нэмэгдэл, Ерөнхийлөгчийн гаалийн татварын бодлогоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлд санаа зовниж буй сонгогчдын байр суурийг тэнцвэржүүлэх тухайд бэрхшээлтэй тулгарчээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Эль-Сайедын Израилийн талаарх шүүмжлэлтэй байр суурийг тойрсон ширүүн маргаан өрнөсөн байна.
Трамп болон Бүгд найрамдах намын бусад улс төрчид түүнийг террорист байгууллагуудтай холбоотой мэтээр удаа дараа харуулахыг оролдож, АНУ-д үнэнч эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлсэн ч түүнийг ийм байгууллагуудтай холбоотойг нотлох ямар нэгэн баримт байгаагүй аж.
Ардчилсан намын эв нэгдэлд тулгарсан сорилтыг Эль-Сайед даван туулав
Энэхүү сонгууль нь АНУ-ын Сенатын хяналтыг аль нам авах вэ гэсэн үндэсний хэмжээний улс төрийн өрсөлдөөний гол төвүүдийн нэг болжээ. Учир нь, Ардчилсан намаас сонгогдсон, Сенатын хоёр удаагийн гишүүн Гэри Питерс дахин нэр дэвшихгүйгээ мэдэгдсэнээр түүний суудал сул үлдсэн байна.
Эль-Сайед наймдугаар сард Ардчилсан намын дотоод сунгаанд намаасаа нэр дэвшигчийг тодруулах өрсөлдөөнд Конгрессын гишүүн, намын уламжлалт удирдлагын дэмжлэгтэй Хейли Стивенстэй хүчтэй өрсөлдсөний эцэст ялалт байгуулжээ. Уг сунгаанд гаднын байгууллага, бүлэглэлүүд бараг 60 сая ам.долларын санхүүжилт зарцуулсан байна.
АНУ-ын Израилийг дэмжигч, улс төрийн нөлөө бүхий байгууллага болох Америк-Израилийн Олон нийтийн харилцааны хороо буюу AIPAC нь Эль-Сайедын эсрэг бараг 30 сая ам.доллар зарцуулсан нь нэг сонгуулийн өрсөлдөөнд тус байгууллагын хийсэн хамгийн том санхүүгийн оролцоо болжээ.
Эль-Сайед Израилийн бодлогыг тууштай шүүмжилдэг улс төрч аж. Ардчилсан намын дотоод сунгаа нь нам доторх үзэл бодлын зөрчил, хуваагдлыг ил тод харуулжээ. Эль-Сайедын мэдэгдэл, байр суурийг Мичиган мужийн еврей иргэдийн зарим төлөөлөгч шүүмжилж байсан аж.
Тухайлбал, тухайн жилийн эхээр Мичиган мужийн нэгэн синагогт халдлага болсны дараа тэрбээр “Шархалсан хүмүүс бусдыг шархлуулдаг” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь шүүмжлэл дагуулжээ. Тэр хожим нь ийн хэлсэндээ харамсаж буйгаа илэрхийлж, “Миний хэлсэн үг хэн нэгнийг гомдоосон бол уучлалт хүсье” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Израиль, еврейчүүд болон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын талаар маргаан дагуулсан байр суурь илэрхийлж байсан улс төрийн шууд дамжуулагч Хасан Пикертэй хамт сонгуулийн арга хэмжээнд оролцсон нь түүнийг шүүмжлэх бас нэгэн шалтгаан болжээ.
Сонгуулийн өмнөхөн буюу хоёр хоногийн өмнө нам доторх зөрчил улам хурцадсан байна. Дотоод сунгаанд Эль-Сайедад ялагдсан Хейли Стивенс сүмд Майк Рожерстой хамт үзэгдсэнийхээ дараа түүнийг дэмжихээ илэрхийлжээ. Тэрбээр Эль-Сайед зарим иргэд, олон нийтийн бүлгийн санаа зовнилыг хангалттай анхаарч үзээгүй гэж үзсэн байна.
Ардчилсан намын зарим гишүүн Детройт хот байрладаг Уэйн тойргийн хар арьст сонгогчдын ирц буурах вий хэмээн болгоомжилж байжээ. Учир нь, дотоод сунгаанд Стивенс тус тойрогт ялалт байгуулсан байсан аж.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон дэд Ерөнхийлөгч асан Камала Харрис зэрэг нэр нөлөө бүхий Ардчилсан намын улс төрчид Детройт хотод Эль-Сайедтай хамт сонгуулийн арга хэмжээнд оролцож, сонгогчдыг идэвхжүүлэхэд тусалсан байна.
Дэвшилтэт үзэл баримтлалын бодлого Мичиган мужид ялалт байгуулжээ

Эль-Сайед сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өөрийн дэвшилтэт үзэл баримтлалыг ил тод хамгаалж, зарим дунд үзэлтэй Ардчилсан намын гишүүдэд таалагдахгүй байсан ч байр сууриа өөрчлөөгүй аж. Түүний мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгал буюу Medicare for All байжээ.
Энэхүү бодлого нь өнөөгийн хувийн болон улсын эрүүл мэндийн даатгалын олон төрлийн тогтолцоог халж, төрөөс санхүүжүүлдэг, нэг төлөгчтэй эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоогоор солих зорилготой аж.
Бие даагч сенатор Берни Сандерс сонгуулийн кампанит ажлын эхэн үеэс Эль-Сайедын дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бол Александрия Окасио-Кортес сонгуулийн сүүлийн өдрүүдэд Мичиганы Дээд хойг болон Детройт орчмоор хамтран сурталчилгаа хийжээ.
Эль-Сайедын ялалт 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дэвшилтэт үзэл баримтлалтай улс төрийн хөдөлгөөнийхөнд хүчтэй нотолгоо болж байгаа аж. Тэдний дэвшүүлж буй бодлого улс орны улс төрийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй мужуудад ч сонгогчдын дэмжлэгийг авч чаддагийг энэ ялалт харуулжээ.
Бүгд найрамдах нам Майк Рожерсыг дахин нэр дэвшүүлэхээр сонгосон байна. Тэрбээр 2024 оны сонгуульд тухайн үед Конгрессын гишүүн байсан Элисса Слоткинд тун бага зөрүүгээр ялагджээ. Тэр үед Дональд Трамп Мичиган мужид нэг гаруй хувийн саналаар ялж байсан аж.
Өмнө нь CNN телевизийн тайлбарлагчаар ажиллаж, Трампыг шүүмжилдэг байсан Рожерс сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийг илүүтэй дэмжих байр суурь баримтлах болжээ. Рожерс хар арьст болон еврей сонгогчдын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон боловч улс төрийн нөхцөл байдал түүний хувьд шинэ сорилт болсон байна.
Конгрессын Тагнуулын хороог өмнө нь удирдаж байсан, үндэсний аюулгүй байдлын асуудлаар улс төрийн карьераа бүтээсэн Рожерс Ирантай хийж буй дайныг эсэргүүцэж буй олон нийтийн байр суурь, шатахууны үнийн өсөлт болон Трампын бодлогыг дэмжих шаардлагын хооронд хүнд сонголт хийхэд хүрчээ.
Рожерс есдүгээр сард нийгмийн сүлжээндээ “Ирантай хийж буй дайн дуусах ёстой. Тэр тусмаа аль болох хурдан дуусах хэрэгтэй” хэмээн бичиж байсан аж.
Эль-Сайед ялалтаа баяртайгаар тэмдэглэж, өрсөлдөгч Рожерст улс төрийн тэтгэвэртээ гарахыг ёжтойгоор зөвлөжээ. Тэрбээр ялалтын үгэндээ “Та нар үзэн ядалтыг сонгосон бол Мичиган итгэл найдварыг сонголоо. Энэ мужид тантай адил хүмүүс дахин хэрэггүй болох болтугай” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AP