Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөр (2026.05.19)-ийн хуралдааны эхэнд Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

“Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургадугаар сарын 15,16-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг сонгохоор төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа уг Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.